ТАНИЛЦ: 6 улсын хэлээр ярьдаг, АНУ-ын шигшээд багтсан анхны Монгол хүүхэд Б.Эрдэм

АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг Эрдэм хэмээх хүү 13-хан настай ч 3 хэлээр чөлөөтэй ярьж, 6 хэлээр уншиж бичиж чаддаг байна. Тэрээр олон улсын математикийн олимпиадын АНУ-ын шигшээд багтсан анхны Монгол хүүхэд бөгөөд дунд сургуулийн сурагч боловч өдгөө ахлах сургуулийн хичээл үздэг байна. Эрдэм хүү олон улсын чавхдаст болон даралтат хөгжмийн тэмцээнүүдээс 10 орчим медальтай, ОУ-ын математикийн олимпиадаас 2 алт, 1 мөнгөн медальтай, АНУ-д мужийнхаа Англи хэлний үсэглэлийн аваргаас 5 медальтай мөн саяхан болсон Моцартын нэрэмжит ОУ-ын төгөлдөр хуурын тэмцээнд хүртэл түрүүлсэн байна.

Түүгээр ч зогсохгүй 13-хан настай залуу хөгжимчин маань алдарт Carnegie hall-д хоёр ч удаа уригдан тогложээ. Чайковскигоос авхуулаад Beatles хүртэл хөгжмийн жанр бүртээ хамгийн шилдгүүд нь тоглодог энэ алдарт танхимд нэг биш бүр хоёр удаа уригдан тоглосон гээд бодохоор гайхалтай биш гэж үү.

Тэгвэл Эрдэм хүү төрөлхийн онцгой, гоц авьяастай учраас энэ бүх амжилтыг гаргасан гэж та бодож байна уу? Яг үнэндээ Эрдэм хүүгийн бүх амжилтын ард байж, ийнхүү гоц авьяастан болоход нь хөтөлсөн гайхалтай нэгэн бол түүний ээж юм. Түүнийг Болормаа гэдэг бөгөөд ээж хэмээх дэлхийн хамгийн чухал мэргэжлийг хамгийн сайнаар хийж буй хүмүүсийн төлөөлөл. Тэрээр хүүгээ 1 нас 7 сартайгаас нь хойш 5 нас хүртэл нь нэг ч өдөр алгасалгүй хамтдаа ном уншиж зөв дадалыг суулгажээ. Түүгээр ч зогсохгүй хүүгийнхээ сурсан хэл бүрийг хамт сурч эсвэл өөрөө түрүүлж сураад хүүдээ зааж өгдөг байсан аж.

Мөн хүүгээ өвөр дээрээ суулгаад хамтдаа төгөлдөр хуур тоглож, хичээлдээ явахад нь ажлаа зохицуулаад хамт явж, хамгийн гол нь хүүгээ хайр халамж дэмжлэгээр хэзээ ч дутаагаагүй байна. Болормаагийн хувьд өөрийнхөө завгүй ажил, карьерийн хажуугаар хүүхдэдээ тогтсон хугацаанд цаг гаргана гэдэг нь тодорхой хэмжээнд тэвчээр шалгасан ажил байсан ч аль алийг нь ажилттайгаар тэнцвэртэй авч явж чадсан байна.

Тиймдээ ч хүүгээ гоц ухаантан, гоц авьяастан болгож хүмүүжүүлээд зогсохгүй, өөрөө эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалж, Америкийн топ 100 компанийн нэгд ажиллаж байна. Энэхүү гайхалтай Монгол ээж, хүү хоёрыг АНУ-ын алдарт NBC болон CNN телевизүүд онцлоод амжжээ.

Эх сурвалж: Ноорог

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *