Орос охин Монгол ааваа хайж байна. “Ааваа гэж ганц удаа дуудаж үзэх юмсан”

Хүний амьдрал нугачаа бартаа ихтэй, тааж тааварлашгүй адал явдлаар дүүрэн билээ. Оросод сурч, амьдран суугаа монголчуудын холбооны http://www.moscowmongols.com сайтад “Аавыгаа олоход минь туслаач” гэсэн нэгэн сонирхолтой захидал нийтлэгдсэнийг та бүхэндээ хүргэж байна. Охин аавыгаа олж, удаан хүлээсэн элгээ дэвтээж, нэгэн сайхан учрал удахгүй болоосой гэж чин сэтгэлээсээ хүснэм…

Намайг Елена Винокурова гэдэг. Ээжийн минь нэр Винокурова Дарья Романовна. Би хэзээ ч хараагүй аавыгаа хайж байна.

Ээж минь аавтай Эрхүү хотын Багшийн их сургуульд сурч байхдаа танилцсан гэдэг. Оюутан байхдаа амьдарч байсан нийтийн байр нь Польш босогчдийн гудамжинд байдаг. Тэд 1991 онд танилцаж, мөн оны 12 сарын сүүлээр би төрсөн юм. Ээж минь сургуулиа төгсөөд Саха (Якут) дахь гэртээ харьсан учир тэдний харилцаа холбоо тасарсан ажээ.

Аав минь угтаа Улаанбаатар хотын хүн, тэр үед Эрхүү хотоор дамжин Орос улсаар түр дайран өнгөрдөг байв. Белорусьд мотоцикль худалдан авч контейнерээр Монгол руу илгээх худалдаа наймааны ажил эрхэлдэг байсан юм билээ. Нэрийг нь Хамбат, эсвэл Ганбат гэдэг. Энэ ховор нэр болов уу? Эсвэл хоёр монгол хүний нэг нь ийм нэртэй юм болов уу?

Ээжийг нутаг буцсаны дараа аав минь Эрхүүд үлдсэн ээжийн найзтай уулзаж, миний 1 ойтой зургийг үзсэн юм билээ. Аав ойролцоогоор 1965–1967 онд төрсөн хүн (одоо 47–49 орчим настай) байх ёстой.

Би одоо 22 настай, намайг аавыгаа өвчсөн юм шиг адилхан гэж хүмүүс ярьдаг. Та бүхнээс аавыгаа олоход минь туслаач гэж гуйя. Эцгийн хайр гэж юу байдгийг мэдэж, мэдрэхийг хүсэх юм, мөн хэн нэгнийг “аав аа” гэж дуудаж үзэх гэсэн юм.

Хэрэв та бүхэн энэ бүсгүйд туслахыг хүсвэл moscowmongols@gmail.com мэйл хаягаар хандана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *