ТАВАН НАЙЗЫН ХОЁР НЬ ЭРГЭЖ ИРСЭН ИТЭВОНЫ ХАЛЛОВИН

Итэвоны бөөгнөрөлтэй холбоотой сэтгэл өвтгөм үйл явдлуудыг гадны хэвлэлүүд мэдээлсээр байна. Сөүлийн оршуулах газрууд өнгөрсөн амралтын өдрүүдээс хойш хүн ихтэй, эцэг эхчүүд нь хүүхдээ үдэж явуулах гунигт мөчүүдээр дүүрэн байна. Тэдний нэг болох ноён, хатагтай Сим нар 28 настай хүү Жэймс Симээ үдэж байгаа нь BBC-ийн сэтгүүлчийн хараанд өртжээ. Жэймсийн хажуугийн оршуулах танхимд түүний найз Юнийг мөн үдэж, харин хотын нөгөө захад Жэймсийн найз охиныг оршуулж байгаа юм байна.

Тэд Бямба гарагийн орой тавуулаа Халлоуныг тэмдэглэхээр зорьсон бөгөөд Жэймс үүнийг зохион байгуулсан тухай ээж аав нь хэлж, хүүгээ үргэлж л шинийг санаачилж, элдэв баяр наадам зохион байгуулдаг байсныг дурсан ярьжээ. Тухайн шөнө Жэймс нэлээн оройтсон тул эцэг эх нь санаа зовж, түүн рүү залгатал цагдаа утсыг нь авсан байна.

Бөөгнөрлийн үеэр тэдний хамт явсан хоёр найз нь гарч чадсан ч Жэймс, түүний найз охин, Юн нар харамсалтай нь олны хөлд амь үрэгджээ.

Жэймс фитнессээр байнга хичээллэдэг байсан, гэвч энэ нь түүнд тусалж чадаагүй талаар ээж нь халаглан ярьж байна. Түүнчлэн найз охинтойгоо удахгүй гэрлэх болсон байжээ. Энэ мэтчилэн Итэвоны бөөгнөрөлтэй холбоотой маш олон гунигт түүхийг хэвлэлүүд мэдээлсээр байна.

Сөүлийн төв хэсэгт олон нийт цугларч, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж, гашуудлаа илэрхийлж байгаа юм. Хэсэг хүмүүс залбирч, зарим нь нулимс унагаж байна. Тэдний нэг Ким Мёнжаны хэлснээр “Миний үеийн залуус ихээр үрэгдсэнд маш их харамсаж байна. Жоохон ч гэсэн хяналтын систем байсан бол ийм зүйл болохгүй байх байсан” гэжээ.

Түүнчлэн Ко Жэе Хүн Итэвонд маш их цагийг өнгөрөөдөг, тэнд л найз нөхөдтэйгөө танилцаж, зугаацдагаа хуваалцаж, бямба гарагт яг очихоосоо өмнө шийдвэрээ өөрчилснөө BBC-д ярьжээ.
Итэвонд болсон харамсалтай явдлын улмаас 154 хүн амиа алдсаны 98 нь эмэгтэй, 56 нь эрэгтэй байсан юм. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл ирэх долоо хоногийн эхээр ижил үйл явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд засгийн газар, иргэд хоорондын уулзалт зохион байгуулахаар болсон. Мөн тэрээр засгийн газрын гишүүддээ урьдчилан сэргийлэх систем боловсруулахыг үүрэг болгожээ.

Эх сурвалж: BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *