Итэвоны эмгэнэл: Дөрвөн метр өндөр “хүний овоолго” үүссэн байжээ

БНСУ-ын түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан шахцалдааны голомт болсон Итэвон хорооны нарийн гудамд үүссэн хүний “овоолгоноос” тэд хэдэн цагийн турш хүмүүсийг татан гаргажээ. Гэвч ихэнх тохиолдолд хэт оройтсон байв. Тэдний ихэнх нь амьсгал хураасан байжээ.

БНСУ дахь АНУ-ын цэргийн баазад үүрэг гүйцэтгэтгэж буй гурван алба хаагч эмгэнэлт үйл явдлын талаар Францын AFP мэдээллийн агентлаг ярьжээ.

Арга хэмжээнд 100 мянга орчим хүн оролцсон ч 200 орчим л цагдааг дайчлахаар төлөвлөсөн байжээ.

Амралтын өдрүүд нь Сүнсний баяртай таарсан АНУ-ын гурван цэрэг үхлийн занга болсон нарийн, өгсүүр гудам руу чиглэн, олны дунд оржээ. Гэхдээ тэд хажуугийн жижиг булан руу гарч амжсан байна. Тэр үед хүмүүс яг даалуу шиг бие бие дээрээ дарж унаж эхэлсэн гэж Жармил Тэйлор /40 настай/ өгүүлжээ.

Түүний хэлснээр, өгсүүр гудамжны эхэнд ирсэн залуус буцахын тулд чихэлдсэн хүмүүсийг түлхэж эхэлсэн байна. Энэ үеэр хүмүүс унаж эхэлжээ. Хүмүүс дээр дээрээсээ давхарлалдан унасаар байж. Тэдэнд туслах хүн цөөхөн байсан гэж аймшигт үйл явдлын гэрч болсон Тэйлор ярьсан байна.

Хүмүүс сандралдаж эхэлсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан. Гудамжинд дуу чимээ ихтэй байсан учир хүмүүсийн хашхирах нь сонсогдохгүй байсан аж.

Тэрбээр найзуудын хамт цөөнгүй хүмүүсийг татаж гарган, аюулгүй газарт хүргэж чаджээ.

“Бид маш олон хүнийг гаргаж, үүдээ нээсэн ойролцоох шөнийн клуб руу оруулсан. Клубуудын шалан дээр олон хүн хэвтэж байсан” гэж тэр мөн ярьсан байв.
Тэйлортой хамт явсан Дэйн Бийтард амралтын өдрүүд таарсан учир Сүнсний баяр тэмдэглэхээр Итэвонд очжээ.

Маш олон тооны хүн цугларсан байсан. Нөхцөл байдал бишдэж буйг ойлгосон даруйд тэд аюулгүй газар руу гарчээ. Нарийн гудамжинд хүмүүс чихцэлдэж байсан тул аврагчид тусламж хэрэгтэй газар хүрч чадахгүй байв. Тэд шөнөжин хүмүүсийг татаж гаргахад тусалсан байна. Гэсэн ч дарагдсан хүмүүс амьсгалын дутагдалд орж, нас барсан байжээ.

“Хамгийн түрүүнд явж байсан хүмүүс давхарлалдан унаж эхэлсэн. Зарим газартаа дөрвөн метр өндөр хүний овоолго үүссэн байсан. Хохирогчдын ихэнх нь 20-иод насны залуус байсан хэмээж байгаа” гэж Дэйн Бийтард ярьжээ.

Харин Жером Августа “Шахцалдаан дунд маш олон бүсгүйчүүд байсан. Тэд биеэр жижиг учир өрц нь бяцарсан байх” гэсэн байв. Түүний ярьснаар, хүмүүс үймж, сандарсан байдалтай байсан тул нөхцөл байдал улам эмх замбараагүй болжээ.

Мөн маш олон хүн цугласан байсан тул тэдний урдхан талд тийм аймшигтай зүйл болж байгааг эхлээд ойлгоогүй аж. Урдхан талд нь байсан хүмүүс бүгд унаж, арын хүмүүс тэдэн дээр давхарлан унасаар байв.

Бүх зүйл хоромхон зуурын хугацаанд болжээ. Цэрэг залуусыг аймшигт зүйл болсон газраас буцах үед энд тэндгүй цогцос харагдаж байсан гэнэ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *