Мань нөхрийг Жастин гэдэг. Монголд амьдраад 7,8 жил болчихсон, геологич хийдэг Америк хүн…

Миний салчихсан байсан үе л дээ. Сэтгэл санаа тааруу. За ёстой яасан ч яадаг юм дээрээ тавьчихсан хүн Tinder-д орчихсон юм. Tinder гэхээр танай түүхийг уншдаг хүмүүс яаж хүлээж авахыг мэдэхгүй байна. Тэгж байгаад нэг залуутай хальт бичлээ. Мань хүн бас үерхэж байсан хүнээсээ салчихсан, хоёр талаас зүгээр цаг нөхцөөх аргаа олсон хоёр хүн биенээ олоод танилцчихсан юм шиг байгаа юм. Бид хоёрын чат гэж хоорондоо солилцсон хэдхэн цөөхөн үгнүүд. Тэдэнд, тэдэн цагт уулзъя гэснээс нэг их хэтрэхгүй. Нөгөө залуу чинь “Би нохойгоо салхилуулах болохоор орой л уулзаж чадах нь байна. Хоёр гурван цаг юм ярьж суувал сууя” гэчихсэн. “За” гээд л тэр дороо уулзахаар боллоо. Орой найман цагт очихдоо би үсрээд л 10 хүртэл сууж байгаад харих байх гэсэн төсөөлөлтэй байв. Тэгсэн байхгүй, бид хоёрын яриа дуусахгүй үргэлжилсээр байгаад шөнийн 4 хүргэчихсэн. Хүнд нэг мэдэгддэг дээ. Ярианууд маань хооронд яг таараад л. Угаасаа дахиж уулзах маань ойлгомжтой байлаа. Хацар дээр минь тэр үнсээд л салж явцгаав.

Яваандаа уулзаад ярилцаад байсан чинь бид хоёрт дундын найз зөндөө байдаг болж таарлаа. Цана, снөүбоард, ууланд алхалтын найзууд гээд л. Тэр найзуудаараа дамжуулж танилцах боломжтой үеүд зөндөө тохиолдож байсан байв. Гэхдээ дандаа зөрж таарсан. Би ирчхээд явахад, нөгөөх чинь ардаас намайг байхгүйд ирдэг ч юм уу. Найзууд хүртэл “Хүүе ээ, та хоёр чинь хоёулаа экстрем спорт хийдэг, хоёулаа энэ хүрээлэлд байдаг байж яахаараа одоо болтол тааралдаж байгаагүй байдаг билээ” гэж гайхаж байлаа. Мань нөхрийг Жастин гэдэг. Монголд амьдраад 7,8 жил болчихсон, геологич хийдэг Америк хүн. Монголд ажиллахаасаа гадна Downhill гээд уулын дугуйн холбоо байгуулалцчихсан, бас шүхрийн спортын хүн учраас шүхрийн спортын үйл ажиллагаанд нэлээдгүй оролцдог нэгэн байв. Сонсоод байхад багаасаа л амьдралаа спорттой салшгүй холбочихсон хүн.

Америкт цана их түгээмэл спорт. Дөрвөн настайгаасаа цана унаж сураад, жаахан байхаасаа уулын дугуй сонирхсон. Тэгээд спортоос адерналин авсаар байгаад яваандаа тэрэндээ улам донтоод сүүлдээ хамгийн аюултай спорт руу яваад орчихсон хүн байлаа. Тэр нь юу вэ гэхээр Base jump. Нөгөө өндөр дээрээс нэг хэрэм шиг үсрээд байдаг спорт байдаг шдээ. Үхэх эрсдэлээрээ маш дээгүүрт ордог спорт байв.

Уулзаад нэлээдгүй хугацаа өнгөрсний эцэст тэр надаас “Энэ спорт бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Хоёулаа ирээдүйд хэчнээн сериозны харилцаатай болсон ч гэсэн би үүнийгээ хаяхгүй. Надтай хамт байвал чамд ийм эрсдэлтэй байх болно. Чи үүнд бэлэн үү? Хэрэв бэлэн гэвэл хоёулаа харилцаагаа сериозны болгож болж байна” гэж шударгаар асуулаа. Энэ спортыг хийдэг хүмүүсийн дунд нэг дүрэм байдаг байлаа. Хэрэв партнертай болоод гүнзгий харилцаа эхлүүлэх гэж байгаа бол тэр хүндээ ямар спортоор хичээллэдэг, ямар эрсдэлтэй спорт гэдгийг нь үнэнчээр заавал хэлнэ. Яагаад гэвэл би түүнтэй өчнөөн жил үерхэж яваад хамаг амьдралаа зориулчихсан хойно тэр үсэрч яваад үхээд өгвөл надад шударга биш шүү дээ.

Нээрээ л тэр спортоор хичээллэдэг түүний хүрээллийг анзаараад байхад ихэнх нь гэрлээгүй, хүүхэдгүй хүмүүс байв. Зарим нь 40, 50 гарчихсан мөртлөө л ганц бие амьдралаар амьдарна. Хүүхэдтэй юм уу, хостой болчхоод үсэрч байхдаа үхээд өгвөл, эсвэл гэмтээд хөдлөх чадваргүй болчихвол тэр бол их амиа хичээсэн зүйл гэж тэд үздэг учраас тэвчиж голцуу гэр бүлгүй байх амьдралыг сонгоно. Би бас нэг жаахан цана, гүний шумбалтаар хичээллэж байсан хүнийхээ хувьд яагаад энэ спортдоо тийм дуртай байдгийг нь бага сага ойлгоод байлаа. Зах зухаас нь мэдрэмжийг нь мэдэрчихсэн болохоор. Түүний энэ спортоо хэзээ ч хаяхгүй гэдгийг нь үнэхээр жинхэнээсээ хүлээн зөвшөөрч чадаж байж л би чадна гэдгээ хэлэх ёстой байлаа. Тэгэхгүй бол би ч зовно, тэр ч зовно. Тиймээс сайн бодож үзээд түүний харилцаагаа гүнзгийрүүлэх саналыг би зөвшөөрөв. Энэ харилцаанаас би гэрлэлт, хүүхэд гэдэг зүйлийг хүлээх хэрэггүй гэдэгтэйгээ эвлэрч эхэллээ. Бидний бүх зүйл яг л эвлүүлдэг тоглоом шиг таардаг байлаа. Аялах дуртай, спортод дуртай, амьдралын хэв маяг адилхан, хамгийн гол нь ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлээрээ хоорондоо яг холбогддог байв. Тэр надад их чухал байсан. Ийм спорт хийдэг хүний хос байхын тулд хүчтэй сэтгэл зүйтэй байх хэрэгтэй гэдгийг яваандаа нээрээ л мэдэрч эхлэлээ. Өглөө гараад мань хүн үсрэх газрынхаа тооцооллыг хийнэ. Бэйс жамп чинь зүгээр л очоод гоё юм чинь гээд нэг юмнаас үсрэхгүй шдээ. Салхи, цаг нар, хаана буух уу гээд бүх юмыг нь нарийн тооцоолно. Өөрийнх нь амь яригдаж байгаа юм чинь. Ихэвчлэн үүрээр үсэрдэг юм. Хэрэв ямар нэгэн юм болбол энэ энэтэй холбогдоно шүү гээд бүх юмаа хэлнэ. Энэ хүн ингээд үхчхэж магадгүй юм байна гэдэг чинь жинхэнэ айдас. Үүрээр үсрэх үед нь би кофегоо бариад түүнийг хүлээнэ. Сап гэж дуугарах шүхэр дэлгэгдэх чимээг л хамгийн ихээр сонсохыг хүснэ. Тэр чимээг сонсоод “Ёох, одоо аюулгүй” гэж бодоод санаа амардаг юм.

Үхлийн спортоор хичээллэдэг болоод ч юм уу түүний амьдралыг харах нүд тэс өөр байдаг байв. “Өнөөдөр миний эцсийн өдөр байж магадгүй учраас” гэдэг зүйлийг мэдэрдэг болохоороо байх. Ямар ч хүнтэй харилцаагаа муухайгаар дуусгадаггүй, жижиг сажиг зүйлд стрессдэггүй, хүн янз бүрийн ааш гаргавал энэ хүнд юу ч тохиолдсон байж магадгүй гээд аягүй хүлээцтэй ханддаг. Тэр хандлага нь бидний харилцаан дээр аймар гоё гарч ирдэг байв. Хажуудах хүнээ тултал нь хайрладаг, маргааш гэж байхгүй юм шиг. Найзуудтайгаа ч гэсэн тийм харилцаатай.

Үсрэхээсээ өмнө энэ хэд чинь бүгдээрээ хоорондоо тэврэлдэнэ за юу. Заавал. Тэгээд бие биедээ хайртайгаа хэлж байгаад үсэрнэ. Яагаад гэвэл шүхэр нь онгойхгүй байж магадгүй шүү дээ. Тэр хэдэд өдөр шөнөгүй үсрээд л “Өө би ёстой аймар лаг” гээд байдаг зүйл бол огт байхгүй. Яг ингэж амиараа дэнчин тавьж үсэрч байгаа хүмүүс хэзээ ч зүгээр онгирч гоё харагдах гэж үсрэхгүй. Яагаад гэвэл амиараа дэнчин тавихын хажууд гоё харагдах гэдэг дэндүү жижигхэн шалтгаан шүү дээ. Тэгэхээр эд нар юунд донтсон байна гээд бодохоор энүүгээр хичээллэдэггүй хүмүүст олдохгүй нэг тийм сонин хүрээлэл холбоо ч юм шиг.

Тэгээд үсэрснийхээ дараа амьдралаас юу ч юм… амьд байна гэдгээ илүү ихээр мэдэрдэг юм шиг байгаа юм. Би хүүтэй, хүүгээ уулзсан залуутайгаа тэр болгон танилцуулдаггүй байлаа. Харж байгаад нэлээн сериозны гэсэн хүнтэйгээ л танилцуулна. Өмнөх уулздаг байсан хүмүүс маань надтай “За нэг ийм охин байдаг юм. Би ер нь бол дуртай. Гэхдээ хүүхэдтэй. За яах вэ хүүхэдтэй л юм байна” гэж харьцдаг байсан юм шиг санагддаг байсан байхгүй юу. Тэгсэн мань эр миний хүүтэй маань танилцах болоод ирсэн чинь санаачлаагаараа олон жил гар хүрээгүй, хамаг новшоо чихдэг өрөөгөө цэмцийтэл нь цэвэрлээд зай гаргачихсан байсан. Бид хоёрыг нүүлгэж авчрах гэсэн дээ.

Би мэдээж юу юугүй хүүхдээ чирээд хүний гэрт нүүж очихгүй шүү дээ. Гэхдээ мань хүн намайг нэг хүүхэдтэй хүүхэн гэж харахаасаа илүү “Өө та хоёр чинь хоёулаа байсан юм уу. Одоо тэгвэл гурвуулаа сайхан гэр бүл болчихъё” гээд бид хоёрыг зэрэг тэврээд авах шиг мэдрэмжийг надад өгөөд байв. Тийм мэдрэмж үнэхээр шал өөр байдаг юм байна лээ. Надад нэг мөч маш гүнзгий туссан. Тэр нь болохоор манай хүүхэд эрэгтэй хүүхэд болоод ч тэр үү би ээжийгээ хамгаалах ёстой гэсэн зүйл нь нэлээд хүчтэй байгаад байдаг юм. Өөрийн эрхгүй л тийм болчихдог байх. Хэчнээн хүүхэд ч гэсэн би ээжтэйгээ хоёулхнаа юм байна гэдэг мэдрэмж суучихсан. Нэг орой бид гурав хамтдаа алхаад явж байсан юм.

Оройн цагаар хамт явахад миний хүү хэзээ ч миний гараас тавьдаггүй. Тэгсэн миний хүү миний гарыг Жастинд өгч атгуулснаа өөрөө урд гараад гүйчихсэн. Яг энэ соёлын төв өргөөгийн тэнд, талбайн хажууд. Тэгснээ өөрөө соёлын төв өргөөгийн шатаар гүйгээд, тэр багануудыг нь сүлжиж гүйж тоглоод, инээж ханиагаад л. Би шууд зог туссан. “Манай хүүхэд ердөөсөө ингэдэггүй шд” гээд гайхаад Жастинд хэлсэн чинь нөгөөх чинь яагаад гээд бас өөдөөс гайхаад. “Орой гадуур явахаар надаас холдохгүй намайг дандаа хамгаалж байдаг юм. Сая тэгсэн чамд итгээд намайг үлдээгээд тэгээд өөрөө яг хүүхэд шиг гүйчихлээ” гэж би хэллээ. Хүүхэд хүүхдээрээ байж байна гээд бодохоор дотор аймар сонин болж байгаа юм чинь. Ёооё, би хүүхдэдээ дарамт байсан юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Хүүхэд байх боломжийг нь хаагаад ч байсан юм шиг. Тэгээд тэр мөчид хүүхдээ харсан чинь өрөвдөөд нулимс цийлгэнэсэн. Жастины ч бас нулимс нь цийлгэнээд хоёулаа нээх сонин болж билээ. Тэр мөч маш чухал байсан. Миний хүү тэр үйлдлээрээ Жастинд итгэж байгаагаа илэрхийлж, гурвуулаа гэр бүл болж болох юм байна гэдэг мэдрэмжийг надад өгсөн. Би ганц хүүгээ өөрийнхөөрөө өсгөчихсөн, аягүй хамгаална. Жастин ч үүнийг маань мэдээд “Чи бүх ачааг ганцаараа битгий үүрээ. Надад хариуцлагаас чинь хуваалцах боломжийг олгооч” гэж хэлэхгүй ч яг тийм үг шиг үйлдлүүдийг надад харуулсаар байв.

Бид гурав хамт амьдардаг болчихсон. Шөнө бүр Жастин бид хоёр хүүг оронд нь оруулж өгөөд “сайхан амраарай” гэж хэлээд үнсдэг байв. Гэтэл нэг шөнө Жастин намайг гарч бай бид хоёрт ярих юм байна гээд түрүүлээд гаргасан. Бүр хоорондоо нууцаар ярилцах зүйлстэй болчхож. Сая сүүлд Жастин бид хоёр Америк явахаар болов. Хоёр жил тутам Base jumping, Skydiving-гаар хичээллэдэг хүмүүс уулзаж амьд үлдсэний баяраа ч юм уу хийгээд бас спортоо хийж байгаад осолдож нас барсан хүмүүсээ уулзаж дурсдаг Sky family гэдэг уулзалт хийдэг юм. Тэр уулзалт нь Лас Вегаст болдог. Миний хувьд анхны удаа очиж үзэж байгаа нь энэ байв. Америкт очоод Юта мужид буугаад Жастин өөрийнхөө Ван машиныг аваад замдаа гарлаа. Юта муж чинь улаан элсэн цөлтэй. Бид нар замдаа зэрлэг байгальд кэмпин хийж байгаа юм. Орой жаахан хүйтэн болох гээд би машин дотор өмдөө давхарлаад оймсоо углах гээд зутарчихсан сууж байлаа. Машин маань нэлээн өндөр. Жастин машины хаалгыг онгойлгосон чинь өөдөөс нар жаргаж байна. Тэр цаана түүдэг гал асчихсан, нэг найз нь машиндаа юм хийнэ.


Тэр мөчид Жастин хүрч ирснээ “Бэйби…” гэхээр нь яасан гэсэн чинь “Гэрлэх үү?” гэж асуудаг юм. Би бүр аймар гайхаад “Хөөш, чи ийм хачин үед асуугаад байхдаа яадаг юм. Хүнийг бэлтгэлтэй байхад асууж болдоггүй юм уу” гэсэн чинь нөгөөх чинь өөдөөс Сюрприз гэнэ. Тэгээд би өрөөсөн оймстой чигээрээ гэрлэе гэж зөвшөөрөөд хоёулаа тэврэлдсэн. Би хэзээ ч тийм асуулт түүнээс сонсоно гэж бодож байгаагүй. Мань хүн надад “Би гэрлэлтэд итгэдэггүй. Хүн амьдрахаа тулбал гэрлэсэн гэсэн цаастай цаасгүй, хурим хийсэн хийгээгүй амьдардаг юм шдээ. Амьдрахгүй дээ тулбал хэчнээн цаастай байгаад сарын дараа ч салдаг юм ” гэж ярьдаг байсан юм. Угаасаа тиймэрхүү үзэл бодолтой.

Тэгснээ өвдгөн дээрээ суухын оронд аминдаа л намайг машинд өндөрт байхад асуусан санаатай юм шиг байгаа юм. Жастин үргэлжлүүлэн “Би чамд зүгээр төмөр бөгж өгч байхаар геологич хүний бодож чадах хамгийн том хоёр бөгжийг бэлэглэе” гэж хэлэв. Тэр хоёр бөгж нь юу вэ гэсэн чинь дэлхийг ороож байгаа экватор, тэгээд pacific ring of fire гээд галт уулын босоо бүслүүр энэ хоёр. Эквадорын бүслүүр дээр 13 улс байдаг. Галт уулын бүслүүр дээр болохоор 24 улс байдаг. Тэгээд энэ хоёр цагариг чинь огтлолцдог байгаа байхгүй юу. Огтлолцоо нь болохоор нэг талдаа Чили, нөгөө талдаа Индонези улстай огтлолцдог нийт 37 улс байгаа биз? Тэгснээ Жастин “Би чамтай насан туршдаа амьдралаа өнгөрөөмөөр байна. Тэгэхээр хоёулаа энэ 37 улсаар хамтдаа насан туршдаа аялъя. Аялж очсон улс болгондоо дахин дахин хуримлая. Чамтай нэгхэн удаа хуримлана гэдэг миний амьдралд хангалтгүй байна” гэв. Би бүр гайхахын дээдээр гайхаж байгаа юм чинь. Юу вэ хамгийн романтик биш байх ёстой хүнээс хамгийн романтик юм гараад ирэхээр Ээ бурхан минь л болсон. Түүний төлөвлөгөөгөөр болохоор бид хоёр 37 улсад очиж хуримлаад дараа нь дурсгал маягаар тус бүрт нь шивээс хийлгээд тэд нарыгаа хооронд нь холбосоор байгаад тэр цагаригуудыг үүсгэх байв.


Энэ үйл явдал дуусаад бид нар явсаар Лас Вегаст ирлээ. Би Sky family-гийн нь хүмүүстэй танилцаж цагийг сайхан өнгөрөөв. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ нэг буудалд буучихсан. Тэр эвент дууссаны дараа Жастины найзууд бүгдээрээ нэгнийхээ өрөөнд цугларав. Тав, зургаан хүн байсан. Жастин найзуудаасаа орой юу хийхийг нь асуутал бүгдээрээ онцын ажилгүй болж таарлаа. Тэгсэн Жастин гялс яваад сүмд гэрлэхээр бүртгүүлчихсэн. Тэгэнгүүтээ буцаж гарч ирснээ “Орой бид хоёр хуримаа хийнэ. Та хэд гялтгар хувцсаа өмсөөд гараад ирээрэй” гээд цаг тохирон салцгаав.

Бид хоёр хуримаа ингэж хийнэ, тэгж хийнэ гэсэн ямар ч юм байхгүй. Тийм болохоор хүмүүст тэгж хэлчихээд буудлынхаа өрөөнд ороод бид хоёр унтчихаж. Хурим хийх цагаасаа 40 минутын өмнө сэрж байгаа байхгүй юу. Би яаанаа юу өмснөө гэж сандарч байснаа тэнд авч очсон дээл, партинд өмсөж байсан хувцсаа тэр чигээрээ өмсөөд гарлаа. Тэгээд бөөнөөрөө уулзсан чинь бөөн гялгар, гялтгар хүмүүс. Аймар хөгжилтэй нь өндрөөс үсэрдэг хүмүүс гэсэн шиг янз бүрийн бэртэлтэй өнгө өнгийн хүмүүс л сүм рүү орсон. Нэг нь суга таягтай, нөгөөх нь тэргэнцэртэй гээд л. Хурим хийж байхад хүмүүс гараа бариад амлалтаа өгөөд зогсдог доо тэ? Тэр үед Би зөв хүнтэй гэрлэж байна уу гэсэн асуулт сүнк гээд л толгойд ороод ирдэг юм байна лээ. Тэгээд би өөрөөсөө асуусан чинь надад нэг секунд ч эргэлзээ төрөөгүй. Энэ л миний хайртай хүн мөн юм байна гэж мэдрэгдээд надад хэмжээлшгүй сайхан санагдсан. Би тэгээд дотроо юу гэж бодсон гэхээр цагаан плаж өмсөөд, баахан таних танихгүй хүмүүс цуглуулаад дайлж цайлна гэдэг хуримын утга учир биш юм байна. 100% итгэлтэй байх, 100% хайртай байх.

Энэ хүнтэй л би үлдсэн амьдралаа өнгөрөөхөд бэлэн байна гэж бодох тэр л яг гэрлэлтийн утга учир юм байна шүү дээ гэж толгойд орж ирсэн. Тэр хурим цаанаасаа зураг авах үйлчилгээтэй. Нэг нөхөр бид хоёрыг зааварлаад одоо зургаа ингэж авахуул, одоо эхнэрээ үнс, нөхрөө үнс гээд тал талаас зураг авсан чинь бид хоёр тэрэнд нь дасаж өгөхгүй баахан ичсэн. Тэгээд тэр зургаа фэйсбүүктээ постлосон чинь хоёр талын ээжүүд залгаад “Хүүш энэ манай охин хурим хийгээд байх шиг юм, би хаачсан юм” гэж асуугаад, нөгөө талын ээж америкт байгаа шдээ, залгаад “Та 2 хуримаа хийчихсэн юм уу? Дуудсан бол яваад очих байсан шдээ” гэсэн юм болсон . Угаасаа манай ээж Монголоос ирж чадахгүй байсан юм чинь алийг нь ч дуудаагүй нь дээр гээд дуудаагүй, бүгд их гэнэтийн зүйлс байсан. Тэгээд хуримаа хийчхээд би хүү рүүгээ залгаад “Бид хоёр хуримаа хийчихлээ” гээд хэлсэн чинь манай хүүхэд “Аан. Мэднэ шдээ” гэж байна. Яаж мэдсэн юм гэсэн чинь “Угаасаа би мэдэж байсан. Би энэ төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм” гэдэг юм.

Тэгсэн Монголд байхад Жастин бид хоёр хүүдээ сайхан амраарай гэж хэлчээд гарах гэтэл Жастин надад “Түрүүлээд гарч бай. Бид хоёр ярих юм байна” гэж байсан тэр орой л бүх зүйл болсон байж. Тэр хоёр өрөөнд үлдэхэд Жастин манай хүүгээс “Би ээжид чинь гэрлэх санал тавих гэж байгаа. Чи зөвшөөрөх үү?” гээд надаас асуухаасаа ч өмнө манай хүүгээс эхлээд зөвшөөрөл авсан байсан. Манай хүү сонсож байснаа “Sure, that’s nice” гэж хариулсан гэсэн. Хүмүүс чинь хоёр хүн л шийдчихсэн байхад бусад нь хамаагүй байдаг даа. Тэгэхэд миний хүүг оролцуулсныг нь хараад сэтгэл маш их хөдөлсөн. Хүү маань тэгсэн надаас тэрийг тас нуусан байгаа юм. Тэгээд хэзээ ч гэрлэхгүй байсан юм шиг хүн чинь гэнэт гэрлэчихсэн шд. Аймар романтикаар. Хуримаа хийснийхээ маргааш Калифорниа руу машинд суугаад явж байтал Жастин надаас “Чамд хурим таалагдсан уу?” гээд асууж байна.

Хөөрхий санаа нь зовоод дотроо бодсон л байх. Эмэгтэй л хүн юм чинь цагаан плаж өмсөөд хүн амьтан урихыг мөрөөдөж байсан болов уу гэж бодсон юм шиг байгаа юм. Би тэгж асуусанд нь гайхаад түүний гараас атгаад “Би энэнээс төгс гэрлэлт ямар байх ёстойг мэдэхгүй байна. Илүүг төсөөлөх ч үгүй байна. Хүсэх ч үгүй байна” гэхэд нөгөөх чинь “Би ч гэсэн адилхан” гээд хоёулаа гараа бариад чимээгүй явсан даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *