Х.Тэргэл: Америк амьдрал ба гашуун үнэ

БИДНИЙ ДАЙСАН БОЛ БИД ӨӨРСДӨӨ….

Монголчууд бид бие биенээ хамгийн ихээр үзэн яддаг улс. Үүнийгээ ч ёстой хэнбугайгаар ч заалгахгүй сайн хийнэ. Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудаа ч бас урвагчаар хүртэл цоллочихно. Энд хүмүүс үнэндээ яаж амьдардаг вэ? Тантай ижил эмч, багш хийгээд явж байсан хүмүүс хүний газар ирээд шал угаах, эмгэн өвгөн харах, том оврын машин барих, хумсны салонд ажиллах, гэх мэтээр хар бор, ямар ч ажлыг голохгүй хийж амиа борлуулж, Монголд тавиад ирсэн өрөө дарж, ээж аав ах дүүстээ сар бүр ихэнх нь таван цаас алба мэт явуулдаг.

Саяханыг хүртэл Монголчууд маань хагас бүтэн сайнаар ч амрах завгүй амралтын өдрөөрөө хийх ажил хайсаар.Хаа нэг өдрийн од шиг гадуур хооллохдоо ял хийчихсэн мэт өөрөөсөө харамладаг байсныг би мэднээ. Учир нь тэр хоол идсэн 50,60 $-ыг Монгол руу явуулсан бол гэж боддог болхоор өөрөөсөө тэд харамладаг. Ээж, аав ах дүү найз нөхөддөө сайхнаар хэлбэл санааг нь зовоохгүй гэж, муухай хэлбэл сайн сайхан, явна гэж худал онгирох. Жигтэйхэн сайхан газар, хачин гоё байнаа гэж хэлэхдээ Монгол дуу сонсоод уйлж суудгаа нуух. Монгол хоолоо идээд хөлсөөн гоожуулдгаан үл хэлэх. Хүний газар бичиг баримтгүйн улмаас наашаа ч үгүй цаашаа ч үгүй байдгаа үл хэлэх.

Авсан хэдэн төгрөг нь аманд ч үгүй хамарт ч үгүй баахан төлбөр төлөөд дуусах. Гэр бүлээрээ амьдарч буй хүмүүсийг хүн харвал бүтэн харагдах сайхан амьдрал, гэвч ах дүүдээ илүүчлээд өгчих таван цаас нь хүрэхгүйн сэтгэлийн шаналал. Аяа та энэ тэрүүгээр аялаад буцах боломжтой нэгэн, эсвэл Америк очих л юм бол би тэрэн шиг байхгүй дээ гэж, хэн нэгнээ, эсвэл найзаа үзэн яддаг бол та жаахан азнаарай даа. Америкт 10 жил болсон атлаа хураасан мөнгө, авсан орон байр үгүй, хар бор ярианы халтар хултар хэлнээс цаашгүй, эх орондоо очихоор амьдралын баталгаа байхгүй, аль эсвэл нас нь хэдийн 40,50 хэвийсний улмаас ихэнх нь сэтгэлдээ үр хүүхэд, аав ээж ах дүүсээн санах шархтай ч эндээ үлдэж хэдэн төгрөг олж та нар луу явуулж байхаа илүүд үздэг юм.

Тиймээ зарим нэгэн нөхдийн хатуу хэлдгээр Монголд бидний яс хэрэггүй, хэлхээтэй хэдэн яс минь энд, тэнд байх юуны хамаа билээ, Харин ядахдаа сэтгэл зүрхэндээ эх орон, ээж ааваа, найз нөхөд, хуучин дурсамжаа тээж яваа тэднийг бүү адал, бүү буруутга. Яг л үнэндээ яг тань шиг хүний газар очоод ажил хийж хэдэн төгрөг олоод амьдралаа дээшлүүлчихээд буцна даа гэж бодож л тэд ирсэн. Дэлхийн бүх улс орон Монгол гэж улсыг мэддэг гэж бодож байвал та хол эндүүрч. Ихэнх Америкчууд гэхэд л Монгол гэх улсыг байтугай бараг өөрсдийнхөө олон олон зүйлийг мэддэггүй юм. Харин тэр мэддэггүй олон хүмүүст Монгол гэж ийм хүмүүс, улс орон байдаг гэдгийг харийн нутагт сурталчилж яваа юм тэд. Өсөж үржиж буй Америкийн Монгол хүүхдүүд дотроос ирээдүйн дэлхийг удирдах ерөнхийлөгч гарахыг би үгүйсгэхгүй. Би Монгол хүний гэгээн ухаанд итгэдэг.

Би Монголчууд бид зовхи нь өөдөө ард түмэн гэдэгт эргэлздэггүй ээ. Бид алийн болгон холоос дайсан эрэх вэ? Бидний жинхэнэ дайсан бол танд би, надад таны дайсагнан, хорсож үзэн ядаж, даран муучлах, үгүйсгэх тэр л сэтгэлгээ билээ. Хүн бүрд амьдрах тавилан гэж бас нэг юм байдаг юм. Харьд амьдрах заяа тавилантай байсан бол тэр хүн яах билээ? Үүнийг бичигч би бээр гэхэд л Монголдоо байсан бол ТҮ, сониноор ярилцлага өгч, уулзсан хүмүүстээ хүндлэгдэн хайрлагдаж, номоо гаргаж, амьдарч л байх байсан. Харийн нутагт амьдран сууна даа гэж зүүдэлж, мөрөөдөж ч байгаагүй би гэхэд л энэ газар амьдран сууж байх. Хүний тавиланг би, чи заадаггүй юм аа. Адлаж, үгүйсгэх амархан, ачлаж асарч, хайрлах энэрэх амаргүй ээ.
(Энэхүү бичвэрийг зөвхөн Америкт бус дэлхийгээр тархан сууж, амьдрал хайсан, тэмцэж зүтгэж яваа олон Монголчууд та нартаа зориуллаа.)

Яруу найрагч Хулганайн Тэргэл. Чикаго хот

Leave a Reply

Your email address will not be published.