Дэлхийд данстай Монгол тэрбумтан

Хөх толботой Монголчууд эзэн Чингисийн байлдан дагуулалтын үеэс дэлхийгээр нэг тарчихсан билээ. Хэрвээ тэднийг нэгтгэвэл дийлдэхгүй том хүчин болно гэдэг. Чухам бидний мах цусны тасархай, дэлхийд данстай нэгэн Монгол эрийг та бүхэнд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. 1990 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн урилгаар Монголд хөл тавьж байсан энэ эрхэмийг Жалса Урубшуров гэдэг. Жалса Урубшуров нь АНУ-ийн Нью Жерси мужийн Хауэл Тауншир хотод төрсөн америкийн халимаг-монгол хүн юм.

Түүний эх эцэг нь Орсоос дүрвэж Сталиний  хэлмэгдлээс зугатан явсаар 1952 онд АНУ-д цагаачилж очсон юм. Багадаа маш ядуу амьдралтай байсан хэдий ч ажилласаг бөгөөд зөрүүд зангаараа амжилтанд хүрж чадсан юм. Эртний халимаг монголын түүх, аман уран зохиолыг сайн мэддэг байсан аав нь түүнийг монгол хэлээ мартахгүй, Монгол соёлоороо бахархсан хүн болоход нь асар их хувь нэмэр оруулсан байдаг.


Залуудаа нагац ахтайгаа барилга дээр ажилладаг байж байгаад 1989 онд өөрийн Оол-Тек барилгын компаниа байгуулж өнгөрсөн хугацаанд модон каркасан барилгын томоохон компани болгож чадсан юм. Энэ хугацаанд түүний компани 40000 орчим барилга, орон сууц барьсан байна. Энэ компани нь АНУ-ийн Үндэсний чанарын стандартчилал зүйн шагнал авсан нь их том үзүүлэлт юм.

Монголд ардчилсан хувьсгал гарсан тэр үеэс тэрээр Монгол Америкийн бизнес харилцааг сайжруулах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд аялал жуулчлалын Тур оператор “Номадик экспедишнз” компанийг үндэслэсэн юм. Тэрээр 1991 онд Хойд-Америк Монголын Бизнес Зөвлөл гэдэг төрийг бус байгууллагыг үндэслэн байгуулалцсан бөгөөд Вашингтон хотноо байрладаг тус байгууллага нь хоёр орны хоорон дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт болон худалдааг сурталчилсаар ирсэн. Жалса Урубшуров нь тус байгууллагын тэргүүнээр 1999-2007 оныг хүртэл ажиллаж ирсэн бөгөөд Монгол улсын төрийн тэргүүнүүд оролцсон өндөр хэмжээний уулзалтуудыг жил бүр зохион байгуулдаг байна.


2002 онд “Номадик Экспедишнз” компани нь “Гурван Тэмээ” буюу Three Camel Lodge жуулчны баазыг нээсэн. Энэ нь Монгол дахь анхны дээд зэрэглэлийн бааз болсон юм. Үндэсний хэв маягийг хадгалсан дээд зэрэглэлийн үйлчилгээ явуулдаг тус бааз нь Өмнөговийн байгалийн үзэсгэлэнт газруудаас холгүй байршилтай бөгөөд зөвхөн аялагчдад чиглэсэн үйл ажиллагаа биш харин  орон нутгийн захиргаа, хоршооллууд болон боловсролын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа.

Тус бааз нь National Geographic Adventure сэтгүүлээс явуулдаг дэлхийн топ 50 эко-баазуудын жагсаалтанд орсон байна. 

Тэрээр жилд нэгээс хоёр удаа Монголд өөрийн биеэр хүрэлцэн ирж, “Номадик Экспедишнз” компани, тэртээ говьд бууриа зассан “Гурван Тэмээ” жуулчны баазаа эргэдэг ажээ. 

Leave a Reply

Your email address will not be published.