ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: Канадын “Kobo”-д ажилладаг Б.Дэлгэрнаран

Дэлхийн цахим номын зах зээлд Amazon, Apple-тай өрсөлддөг Канадын “Kobo” компанийн төв салбарт ажиллах санал авч, одоо тус компанид дата анализийн чиглэлээр ажилладаг монгол залууг Баярын Дэлгэрнаран гэдэг. Тэрээр өмнө нь цахим бизнесээр Японд тэргүүлдэг “Rakuten” компанид ажиллаж байсан бөгөөд “Kobo”-гийн Япон дахь салбарын нэг сарын борлуулалтыг жилийн дотор зургаа дахин өсгөж хөл дээр нь босгож чаджээ. Түүгээр ч зогсохгүй Дэлгэрнарангийн хийсэн кампанит ажлуудыг дэлхийд алдартай “Amazon” хүртэл дуурайж хийдэг байсан талаар тэрээр ярилцлагынхаа үеэр дурдаж байсан юм. Тэрээр “Миний юу хийсэн бэ гэдгийг биш, яаж хийсэн бэ гэдгийг мэдээсэй” хэмээн хэлснийг ярилцлагынхаа эхэнд онцолмоор байна.

Бид энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа япон, герман, англи хэлтэй 27 настай Монгол залуутай ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн авч ярилцахаар болсон танд баярлалаа.

-Сайн. Ярилцлаганд урьсанд баярлалаа.

-Юуны өмнө эхлээд манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Цонгол овогт Баярын Дэлгэрнаран гэдэг. Би 2005 онд Монголд Гёте дунд сургуулийг төгсөөд, 2007 онд Японы Засгийн газрын тэтгэлгээр Япон яваад, 2012 онд Хитоцүбаши их сургуульд нийгмийн сэтгэл судлалын чиглэлээр суралцаж, бакалаврын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөөд Японд цахим бизнесээр тэргүүлдэг “Rakuten” гэж компанид ажиллаж байгаад, дэлхийд цахим номын зах зээлд “Amazon” болон “Apple”-тай өрсөлддөг Канадын “Kobo”-гоос ажлын санал авч, одоо энэ компанидаа маркетингийн зөвлөхөөр ажиллаж байна.
-Нийгмийн сэтгэл судлалаар сурч байсан гэхээр их сонирхолтой санагдаж байна л даа. Гадаадад сурсан хүн, дээрээс нь одоо цахим номын худалдаагаар дэлхийд тэргүүлдэг Кобод ажилладаг таныг бизнес, эдийн засгаар сурсан байх гэж хувьдаа бодож байлаа?

-Бизнес, эдийн засгаар их сургуульд сураагүй. Нийгмийн шинжлэх ухааны тэнхимд, нийгмийн сэтгэл судлалаар бакалавр хамгаалсан. Тухайн үед сэтгэл судлалын чиглэлээр их сургуульд орохоор шийдсэнийг хамаатан, танил, найз нөхөд сонсоод буруу мэргэжил сонголоо, амьдралаа алдах эрсдэлтэй алхам хийж байна гээд их л зэмлэж байсан. Гэхдээ энэ мэргэжил надад сонирхолтой байсан болохоор би хэн нэгнийг сонсоогүй, өөрийнхөө сонголтод баттай зогссон. Тэгээд ажилд ороод мэдээж цахим ертөнц, бизнесийн талаар нэлээд хэдэн ном уншиж байж дутуу талаа нөхсөн. Мөн их сургуульд сурсан зүйлүүд маань ажил дээр давуу тал бий болгосон гэж хувьдаа боддог шүү.

-Сургуулиа төгсөөд л “Rakuten”-д ажиллаж эхэлсэн үү?

– Ажил хайж байх үедээ “Rakuten” гэж ганцхан компанид л өргөдөл өгсөн. Цахим бизнесээрээ Японд номер нэг, гадаадын орнуудад бизнесээ өргөтгөх эрмэлзэлтэй, уламжлалт Япон компани шиг мөртлөө японуудаас гадна гадаад хүмүүсийг ажилд авах хүсэлтэй, компанийнхаа үндсэн хэлийг англи болгох зорилготой гэх зэрэг нь миний сонирхлыг татсан юм. Миний мэдэхийн нэлээд хэдэн монгол залуучууд ажилладаг байгууллага. Монголд байгаа та бүхэн манай компанийн бүтээгдэxүүнийг хэрэглэж үзсэн байх, “Viber” гээд ухаалаг утасны аппликэйшн байгаа. Анх ороод юм юм л хийж үзсэн. Хүнтэй хэрхэн мэндлэх, утсаар зөв ярих, гаднын зочидтой хэрхэн харилцах, зочныг лифтэнд хэрхэн суулгах, 10 мянган ажилтантай байгууллагынхаа нэг давхарт угтагч хийх, гудамжинд бүтээгдэхүүн зарах, Япон даяархи дэлгүүр хоршоонуудаар явж компанийнхаа шошго логог солих, огт хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүний талаар утсаар худалдан авагчдад тайлбар хийх гэх мэтээр хүний гар үзүүрийн ажил хийж байлаа. Японд ажилд орохоор туршлагатай ажилтан болгохын тулд бүх зүйлийг тэгээс нь зааж өгдөг юм билээ.

-Нэг сарын борлуулалтыг жилийн дотор зургаа дахин нэмэгдүүлж чадсан-

-Японы салбар “Kobo”-г хөл дээр нь босгоход нийгмийн сэтгэл судлалаар сурсан зүйлүүд их хэрэг болсон гэж түрүүнд хэлсэн. Тухайлбал, сурсан зүйлүүдээсээ ажилдаа юуг хэрэгжүүлж байв?

-Намайг анх “Rakuten”-д ажилд орох үед одоо миний ажиллаж байгаа “Kobo”-гийн салбарыг нээн ажиллуулахаар худалдаж аваад удаагүй байсан. Би ном унших хоббитой. Үүндээ хөтлөгдөөд, заавал энэ бизнест л ормоор байсан юм. Ажлын туршлагүй хүмүүсийг ажилд авахгүй гээд орох боломжгүй байсан. Аз болж англи, япон хэлээр чөлөөтөй ярьдаг хүн гэнэт хэрэг болж, би тэнд ажиллахаар болж байсан юм. Шинэ ажилтан учраас эхний таван сарын турш хүмүүсийн ажилд туслангаа цахим маркетингийн талаар сурж, судалсан. Манай багийн менежер ажлаасаа гараад, шинээр орж ирсэн менежер надад маш их хариуцлага өгсөн.

Эхэндээ компанидаа долоо хоног бүр маркетингийн шинэ туршилтуудыг хийдэг байлаа. Ямар хүмүүст юу зарвал дээр вэ, хүн нэг дор хэр их мэдээлэл хүлээж авж чадах вэ, рекламны самбар ямар форматанд байвал хүнд ойлгомжтой байх вэ, өнгөний сонголтоо хэрхэн хийх вэ гээд л сургуульд сурч байсан мэдлэг маань энэ бүгдэд багагүй хэрэг болсон. Тухайн үед маш завгүй ажилладаг байлаа. Тэр үед сардаа 120 цаг, түүнээс ч илүү цагаар ажиллаж үзсэн. Хүн өдөрт найман цаг буюу долоо хоногт 40 цаг ажилладаг байхад би нэг сарын ажлын нормон дээрээ нэмээд гурван долоо хоногийн ажил хийдэг байсан гэсэн үг. Тэгж байгаад нэг удаа, Японы нэг том хэвлэлийн компанийн “Kobo” дахь нэг сарын борлуулалтыг 10 дахин нэмэгдүүлж чадсан. Энэ нь миний хувьд маш том амжилт байсан. Ажилд ороод дөнгөж нэг жилийн дотор компаниасаа ч шагнал хүртэж байсан юм.

“Rakuten” долоо хоногийн мягмар гариг бүр бүх групп компаниудаараа хурал хийдэг юм. 10 мянган хүн оролцдог томхон хурал. Би долоо хоног болгон тэр хурал дээр “Kobo” компаниа төлөөлж борлуулалтаа танилцуулдаг болсон. Голдуу 40-өөд насны өндөр албан тушаалтнууд л үг хэлдэг байхад, 23 настай нэг жаахан хүүхэд байнга гарч компанийнхаа борлуулалтын байдлыг тайлбарладаг байсан. Шинэ бизнес учраас шинэлэг байя гэдэг үүднээс намайг гаргаж байсан юм..

-Яаж нэг сарын борлуулалтыг 10 дахин нэмэгдүүлж чадсан юм бэ. Ямар маркетингаар ажилласан юм бэ?

-Одоо харахад маш энгийн зүйл л дээ. Тухайн үед бидний бизнес цахим гэдэг утгаараа юугаараа давуу талтай вэ гэдгийг их бодсон. Угаасаа олон жил хийгдээд батлагдсан юм чинь, тогтсон сонгодог маркетингийн арга барилаас л гүйцэтгэж эхэлнэ. Би тэрэн дээр юу нэмж болох вэ гэдэг талаас цахим бизнесийн талаарх нилээд хэдэн судалгаа ном уншсан. Тэгээд юу бодогдсон гэхээр цахим зүйлд эзлэхүүн байдаггүй. Японд байр жижигхэн, цаасан ном олноор хадгалж тэдгээр нь орон зай эзэлдэг төвөгтөй асуудал байдаг. Тэрний оронд цахим номыг бол хэдээр л бол хэдээр хадгалж болно гэдгийг анзаараад, нэг дор дижиталаар 10-аас илүү ном авбал, урамшуулал өгнө гэж зарласан. Тооцоолсноос илүүтэйгээр хүмүүс нэг дор бөөнөөр нь маш олон ном худалдаж авч эхэлсэн. Одоо харахад бол энэ нь их энгийн зүйл л дээ. Энгийн зүйл байсан ч, тухайн үедээ “Amazon Japan” миний удирдсан маркетингийн урамшууллыг нэг хоногийн дотор дуурайгаад хийчихсэн. Өрсөлдөгч компаниуд бие биеэсээ хуулж, туршлага судлах нь байдаг л зүйл. Бид урамшуулалт худалдаагаа маш олон хувилбараар хийсэн. Худалдан авагчдадаа ч тохируулж үйлчилгээгээ сайжруулсан. 2013 оны эхэн үеийн судалгаагаар, “Kobo” маань Японы цахим номын зах зээл дээр тавдугаар байранд ордог байсан юм. Жилийн дараа бид хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байсан. Бид нэг сарын борлуулалтаа жилийн дотор зургаа дахин өсгөж чадсан.

-Тэгээд л Канад дахь төв “Kobo”-д ажиллах санал авсан байх нь ээ?

-Харин тиймээ. Гэхдээ инээдтэй нь намайг анх Канад явъя гэхэд, явуулаx дургүй байдаг байсан. Тэгээд ажлаа солихоор болж ажлаас гарах хүсэлтээ өгсөн юм. Гэтэл намайг Японы “Kobo”-гоос гарсныг мэдээд, Канад дахь “Kobo”-гийн төв оффисын захирал надад Канадад ажиллах хүсэлт тавьсан. Би шууд л зөвшөөрсөн. Намайг дараагийн онгоцоор шууд Канадад ирж ажилла гэсэн. Мэдээж шууд явж чадаагүй. Тэгээд Японоос явахаар шийдсэнээс хойш, хоёр долоо хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлээд явсан. Найман жил амьдарсан газраасаа явахад бас л сонин байдаг юм билээ. Одоо бол, би 20-иод орны маркетингийн үйл ажиллагаа, худалдан авагчдын үйл хөдлөл хянаад сууж байдаг хүн болсон. Их хэмжээний дата байдаг учраас мэдээллийн баазаар дамжуулж, тухайн мэдээллүүдээ шинжиж маркетингийн зөвлөгөө өгдөг. Энд ирээд дата баазын хэл, дата дүрслэлийн талаар өөрийнхөө оролдлогоор сурч, мэдсэн. Энд хамгийн гоё нь номонд дуртай хүмүүс, ном уншдаг хүмүүст зориулж бизнес хийдэг.

-Та ном унших дуртай юм шиг байна. Ном уншихын ач холбогдлыг хувьдаа юу гэж хардаг вэ?

-Би багаасаа л ном унших дуртай хүүхэд байсан. Ядаж зам гарахдаа битгий ном уншиж бай л даа гэж бага ангийн багш нартаа үглүүлдэг байж билээ. Аав ээж маань надад тоглоом гэхээсээ илүү зөвхөн ном л авж өгдөг байсан. Ер нь гадаад хэлийг ном уншиж байгаад л сурсан даа .Одоо бол англи, герман, япон хэл дээр ном уншина.

Бага байхдаа ном уншиж сураад, нэг шинэ ертөнц миний дотор нээгдэж байгаа юм шиг л санагдаж байсан. Тэрэнд нь л татагдсан юмуу даа. Ном уншихаар сэтгэн бодох чадвар тэлж, аливаа зүйлийг цэгцтэй бодож сурдаг. Бас нэг сайн тал нь гадаад хэл дээр ном уншихаар тухайн орны соёл, сэтгэлгээ, зохиолчийн талаар их юм мэдэж авах болдог нь их сонирхолтой.

Цаасан хэвлэл байна уу, гар утас байна уу, компютерийн дэлгэц байна уу, сонирхолтой л бол усанд орохдоо ч, гудамжаар алхахдаа ч уншина. Гэхдээ би нэг их гайхуулахаар их олон ном уншаагүй ээ. Хэдэн зуун ном л уншсан байх, эргэн тойрны танилууд дундаа дундаж нь л юмуудаа. Ихэвчлэн шинжлэх ухааны уран зөгнөлт болон фантази номнууд унших дуртай.

-Япон, канад хүмүүсийн ажлын арга барил хэр ялгаатай байдаг вэ?

-Японд бол тухайн хүн компанидаа өөрийгөө зориулсан гэдгээ батлах нь их чухал байдаг. Тийм болохоор олон цаг ажиллахыг энгийн ойлголт гэж авч үздэг. Мөн япон хүмүүс ажилдаа үнэхээр хариуцлагатай. Ажилдаа хариуцлага алдсан бол 100 хувь өөрийнхөө буруу гэж хүлээн зөвшөөрч чаддаг. Тийм болохоор ажлаа сайн хийж чадаагүйгээсээ болоод өөрийн саналаар ажлаа өгсөн захирлууд цөөнгүй байдаг.

Мөн япон хүмүүс нэг ажил эхлүүлсэн бол тэрийгээ дуустал нь бүх зүрх сэтгэлээ шингээгээд яс хийдэг. Энэ нь надад их дөхөм байсан. Намайг бага байхад аав, ээж минь ажил хийвэл хийсэн шиг хийж бай гэж сургадаг байсан юм. Энэ чанар маань Японд ажиллаж байх хугацаанд их тус болсон доо.
Харин канадуудын ажиллах арга барил японуудаас өөр. Ажлын цаг нь л гэхэд өглөө 09.00 цагаас орой 17.00 цаг. Би тухайн цагтаа л үр дүнтэй ажиллах ёстой. Канадад анх ажиллахаар ирсний дараа манай дарга надад нэг ажил даалгасан юм. Нөгөө ажлыг нь 18.00 цаг хүртэл хийгээд сууж байсан чинь дарга орж ирээд гайхсан харцаар “Наад ажлыг чинь маргааш хийж болно биз дээ” гэж хэлж байсан. Канадад цагийн юмыг цагт нь л хийх чухал байдаг. Даалгасан ажлаа бас хэр хэмнэлттэй хийж чадаж байгааг чухалчилдаг.

Би энэ хоёр улсаас гадна, Германд амьдарч, сурч үзсэн. Эдгээр оронд амьдрахад, ер нь бол миний нэрийг ч уншиж дуудаж чаддаггүй, би голдуу уулзсан хүмүүсийнхээ амьдралдаа харсан анхны монгол хүн байдаг. Монгол гэдэг улс байдгийг ч мэдэхгүй хүн нь олон. Би эндээс хүмүүс хоорондоо ямар ялгаатайг нь биш, хоорондоо ямар адилхан бэ гэдгийг нь анзаарсан. Тэд бүгд үнэнч шударга зантай, цагаа сайн барьдаг, ажил хийх чадварыг бүгд үнэлдэг юм билээ.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа таны хувьд улс орнуудын хөгжлийн нууцыг харьцуулж харсан, ажигласан зүйлүүд зөндөө байдаг байх. Монгол Улсын хөгжлийг та юу гэж хардаг, ямар байр суурьтай явдаг вэ?

-Ихэнх хүмүүс Монгол Улсыг хөгжихгүй байна гээд л муулж байгаа харагддаг. Надад бол тийм биш. Намайг Улаанбаатарт очих бүрт л өөрчлөгдсөн зүйл маш их байдаг. Зөвхөн барилга, байшин гэлтгүй хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал хүмүүсийнх нь харилцаа, биеэ авч яваа байдал нэлээд өөр болсон байна. Тэгэхээр бага багаар хөгжиж л яваа гэж дотроо боддог. 100, 200 жилийн капитализм хөгжсөн, ардчилал тогтсон түүхтэй орнуудтай шууд харьцуулж болохгүй л дээ.

Харин монголчуудад дутагддаг хэд хэдэн зүйл байдаг юм болов уу гэж анзаардаг. Үүний нэг нь үлгэр жишээ авдаг “Role Model” байхгүй юм шиг санагддаг. Байсан ч миний бодсоноос ондоо бодолтой байдаг. Би Монголд очоод нэг их сургуулийн лекцэнд сууж байсан юм. Тэр үед багш оюутнуудаас “Монголын хамгийн эх оронч хүн хэн бэ” гэж асуучихаад, арваад жилийн өмнө Д.Дагвадорж аварга байсан, харин одоо бол Н.Түвшинбаяр аварга юм уу даа гэж хэлсэн. Тэнд байсан оюутнуудын ихэнх нь түүнийг хүлээн зөвшөөрч байсан. Би бол тэр үед Монголын хамгийн эх оронч хүнийг “MCS”-ийн Ж.Оджаргал гэж бодсон. Яагаад гэхээр тэр хүний нийгэмд үзүүлсэн үүрэг, роль маш их. Наанадаж л байгуулсан компаниараа Монголын олон өрх гэр бүлийг тэжээж байна, татвараа төлж байна. Би тэр хүнийг хувиараа танихгүй л дээ. Монголд бас Оджаргалаас ялгаагүй хүмүүс нэлээд хэд байгаа байх, дурдаагүй бол уучлаарай. Гадаадад олон жил болсон миний толгойд буусан нь л энэ хүний нэр байна. Бас нэг лекцээр шууд бүх монголчууд ийм гэж хэлж болохгүй гэдгээ мэдэж байна л даа.

-Монгол залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?

-Намайг арван жилд сурч байхад, надад яагаад сураад байгааг, юуны төлөө сураад байгааг тайлбарлаж чаддаг хүн байгаагүй. Сурахын төлөө л сурч байгаа юм шиг санагддаг байсан. Хэрвээ би буцаад хүүхэд насныхаа өөртөө хандаж хэлэх юм бол, сайн сургуульд ороод сайн дүнтэй байвал сайн ажилд орно. Ажилд ороод сайн ажиллавал биеэ дааж амьдарч болно. Тэгж чадвал аав, ээжийгээ маш ихээр баярлуулж чадна. Урд байгаа хичээл номоо цагт нь амжуулаад, хүмүүстэй эвээ ололцоод амьдарч сурвал хэрэг нь гарна. Энэ нь зөвхөн Монгол ч биш, бусад орнуудад ч хэрэг болдог юм байна аа. Би бусдаас онцгой мундаг хүн биш, дутагдалтай тал ихтэй, алдаа их гаргадаг, мэдэхгүй юм зөндөө бий. Адилхан л аав, ээжээс төрсөн жирийн нэг Монгол айлын хүү. Зөвхөн өмнөх ажлаа л хамгийн сайнаар бүх хүчээ дайчлаад багынхаа өчүүхэн мөрөөдлүүдийнхээ нэгийг л биелүүлсэн төдий. Одоо ч гэсэн амьдралаа бүтээх гээд яваад л байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж аав, ээжийнхээ заасан замаар л амьдарч байна даа.

– Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Itoim

Leave a Reply

Your email address will not be published.