Петер Палтчик: Хамт хооллоод, цамцаа өгөхөд “Би чамайг мартахгүй” гээд уйлсан

Гудамжинд явсан ядруухан өвгөнд гадаадын нэгэн иргэн тусалж, цамцаа тайлан, хоолныхоо хамт өгсөн гэх утга бүхий зураг хэд хоногийн өмнөөс цахим орчинд нийтлэгдэн, олны хүндлэл, талархлыг ихэд хүлээсээр байгаа билээ. Монгол иргэнд тусалсан, халуун сэтгэлт түүнийг Петер Палтчик гэдэг.

Израилын жүдогийн шигшээ багийн тамирчин тэрбээр Улаанбаатарт энэ сарын 24-26-нд болох Их дуулгахад оролцохоор манай улсад ирээд байгаа юм. Тус тэмцээний -100 кг-д барилдах Палтчик Токиогийн олимпоос багийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Европын аварга жүдоч. “World masters”-ын хүрэл, Их дуулгын хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээний дөрвөн алт, хоёр хүрэл медальт түүнтэй ярилцлаа.

Петер Палтчик “Би бусдын анхаарлыг татаж, таалагдах, хандалтын төлөө монгол хүнд туслаагүй. Зүгээр л туслахыг хүссэн. Миний зураг цахим орчинд цацагдана, намайг тусласныг хүмүүс мэднэ гэж ёстой төсөөлөөгүй. Монголчууд төдийгүй олон орны хүмүүс над руу захидал илгээн, талархаж буйгаа илэрхийлсээр байна. “Улаанбаатарын Их дуулгаас медаль хүртэн, “Баярлалаа” гэж хэлэн, урам хайрлаж буй монголчуудын халуун сэтгэлийг амжилтаар хариулмаар байна” гэж онцолсон юм.

ХАМТ ХООЛЛОСНЫ ДАРАА НЭГ Л ЗҮЙЛ ДУТУУ САНАГДААД АРААС НЬ ОЧООД ЦАМЦАА ӨГСӨН

-Монгол иргэнд туслаж буй таны зураг цахим орчинд түгэн, олон талархлыг хүлээсээр байна. Та харсан уу?

-Харсаан, харалгүй яах вэ. Түүнд туслаж үеийн зураг ингэж цацагдана, хүмүүс мэднэ гэж ёстой бодоогоо, төсөөлөөгүй. Тэр хүнд тусласныхаа маргааш өглөө сэрэхэд маш олон монголчууд баярлаж буйгаа илэрхийлсэн чат бичин, инстаграм хаяг руу маань зураг илгээсэн байсан. Би анх хараад ёстой шоконд орсон, “Wow” гэж бодсон.

Тийм олон хүн “Баярлалаа” гэж хэлэн, чат илгээхэд нь гайхсан, маш их баярласан.

Би хэн нэгний хараанд өртөх, анхаарлыг татахын тулд монгол хүнд туслаагүй. Хандалт авч, од болохыг бүр ч хүсээгүй. Түүнд хэрэгтэй байсан учраас л би цамцаа тайлж өгсөн. Тусламж хэрэгтэй байсан учраас л тусласан. Би түүнд цамцаа тайлж өгөхдөө маш их аз жаргалтай байсан.

Монгол хүнд тэгж туслахад тань юу нөлөөлсөн бэ?

-Тэр өдөр би шигшээ багийнхныхаа хамт ресторанд орсон юм. Тэнд нэгэн ядруухан иргэн ганцаараа сууж байсан. Биднээс хоол гуйн, хамт суух гэж оролдсон. Зөөгч түүнийг хөөсөн, “Бусдад саад учруулж болохгүй” гэсэн. Тэгэхэд нь бид “Зүгээр ээ, бидэнтэй хамт сууг” гэсэн.

Тэр хүн бидэнтэй хамт суугаад хооллосон, зөндөө юм ярьсан. Бид маш сайхан яриа өрнүүлсэн. Тэр өөрийнхөө талаар, өмнө нь юу хийдэг байснаа ярьсан. Маш сонирхолтой хүн байсан. Бид цагийг гайхалтай өнгөрүүлсэн. Цаг гаруйн дараа тэр “Би ядарч байна. Гэртээ харилаа” гэсэн. Тэгэхээр нь бид түүнд хоол, жаахан мөнгө өгсөн. Тэр биднийг тэврээд “Баярлалаа” гэж хэлсэн.

ЦАМЦЫГ МИНЬ АВААД ТЭР УЙЛСАН. БИ Ч МӨН УЙЛСАН

Тэгээд тэр ресторанаас гарсан. Түүнийг гарсны дараа надад нэг л дутуу санагдсан. Би араас нь гарч, түүнийг хайсан. Ойролцоогоор 200 метр гүйгээд би түүнийг олсон. Араас нь очоод цамцаа тайлж өгсөн. “Үүнийг танд бэлэглэж байна” гэж би хэлсэн. Цамцыг минь аваад тэр уйлсан. Миний ч мөн сэтгэл хөдлөөд уйлсан. Би түүнийг тэврэхэд тэр надад “Петер, би чамайг хэзээ ч мартахгүй ээ” гэсэн. Би ч мөн түүнийг хэзээ ч мартахгүй. Тэр хүн миний сэтгэл зүрхэнд үлдсэн. Би түүнтэй уулзсанаа, учирснаа хэзээ ч мартахгүй.

-Танд тухайн монгол хүн их гүн сэтгэгдэл үлдээж. Дахиж уулзсан уу?

-Харамсалтай нь, уулзаагүй. Би хаана байдгийг нь, утасны дугаарыг нь мэдэхгүй. Дугаарыг нь мэддэг ч болоосой. Утас руу залгаад л уулзчихна шүү дээ.

-Олимпод оролцохдоо өмссөн, үнэ цэнтэй цамцаа та түүнд өгсөн гэсэн. Үнэн үү?

-Үнээн. Тэр миний хамгийн хайртай, өмсөх дуртай, үнэ цэнтэй цамц минь байсан. Олимпын наадамд оролцохдоо өмссөн цамц минь байхгүй юу. Түүнд цамцаа бэлэглэхдээ би энэ талаар огт бодоогүй. Учир нь миний цамц түүнд надаас илүү хэрэгтэй байсан.

“МОНГОЛ ХҮНД ТУСЛАСАНД БАЯРЛАЛАА” ГЭЖ МАШ ОЛОН ХҮН ЧАТ БИЧСЭЭР БАЙНА

-Монгол түмэн танд баярлан, зөндөө гоё, гоё сэтгэгдэл бичсээр байна. Танд ямар санагдаж байна вэ?

-Мэдээж гоё, сайхан санагдалгүй яах вэ. “Петер чи гайхалтай залуу. Монголын маань ядарсан хүнд тусалсанд маш их баярлалаа” гэж анх хэлэхэд нь би шоконд орсон. Учир нь тухайн үед би энэ талаар хүмүүс мэдээгүй гэж бодож байсан юм л даа. Одоо маш олон хүн “Баярлалаа” гэж чат бичсээр байна.

-Гадаадаас талархлын зурвас ирж байгаа юу?

-Зөндөө ирж байгаа. Манай улсын иргэд, Олон улсын жүдо бөхийн холбоо, гэр бүлийнхэн маань мэдчихсэн байна лээ. Гэр бүлийнхэн маань “Чамаар бахархаж байна” гэсэн.

-Андуураагүй бол та энэ талаар өчигдөр фэйсбүүктээ пост оруулсан байсан уу?

-Тийм ээ, тэгсэн. Монголчууд та бүхний халуун дулаан сэтгэл, урмын үгэнд баярлалаа гэж би өчигдөр сторидоо бичсэн. Мөн фэйсбүүктээ пост оруулсан байгаа.

МОНГОЛ УЛСАД ХУРДАН ОЧИХ СОН ГЭЖ ЯАРЧ, ДОГДОЛСООР АНХ УДАА ИРЛЭЭ

Та Монголд анх удаа ирсэн юм билээ. Манай улсад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Монголд үнэхээр сайхан байна. Би Монголд анх удаа ирсэн. Манай улсан тамирчид есөн жилийн өмнө Монголын ууланд бэлтгэл хийж байсан. Тэд Монголын талаар бидэнд зөндөө гоё зүйл ярьж өгсөн. Миний сонирхлыг их татсан шүү. Тиймээс Монголд ирэхийг маг их хүссэн. Ирэхийнхээ өмнө их догдолсон. Монголчууд үнэхээр тусч энэрэнгүй, элэгсэг дотно ард түмэн юм байна. Үүнийг би өдөр бүр мэдэрч байгаа. Энэ талаар эх орондоо очоод олон хүнд ярьж өгнө, бусдад түгээнэ.

Манай улсын юу нь танд хамгийн их таалагдав?

-Монгол хүний хүнлэг, зочломтгой зан, элэгсэг дотно харилцаа. Мөн Монгол орны үзэсгэлэнт байгаль. Би нээрэн Чингис хааны тухай сайн мэднэ. Түүхийн талаас нь нэлээд судалж байсан.

ЧИНГИС, ХУБИЛАЙ ХААНЫ ТУХАЙ СУДЛАСАН, ТҮҮХИЙГ НЬ САЙН МЭДНЭ

-Хөөх, тийм үү. Чингис хааны тухай судладаг, уншдаг тань сайхан санагдлаа.

-Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн үнэхээр хүчирхэг. Үнэхээр авьяаслаг, холч ухаантай удирдагч байсан. Монголын эзэнт гүрний үргэлжлэл болсон Монгол Улс одоо ч хүчирхэг байгаа. Монголын жүдочид дэлхийд алдартай, бүх жинд өндөр амжилт гаргадаг нь үүний нэг илрэл. Өө, нээрэн мартах шахлаа. Би бас Хубилай хааны тухай сайн мэднэ, түүхийг нь уншиж байсан.

Түүхийг нь уншиж байсан өөр монгол хаан бий юү?

-Байгаа, байгаа. Гэхдээ Чингис хаан, Хубилай хааны тухай судалж, уншсан шиг сайн мэдэхгүй.

АЛЬ Ч ОРНЫ ТАМИРЧИД МОНГОЛ ЖҮДОЧТОЙ БАРИЛДАХААС ЖИЙРХДЭГ

-Монголын жүдочид дэлхийд алдартай. Та манай улсын жүдочдын ямар ур чадвараас нь үлгэрлэж явдаг вэ?

-Монголын жүдочид тэсвэр хатуужилтай, угсраа мэх хийхдээ гаргуун. Танай улсын жүдочдоос үлгэрлэх зүйл олон бий. Ямар ч орны тамирчин монгол жүдочтой барилдахаас жийрхдэг.

-Барилдахад хамгийн хүчтэй өрсөлдөгч, барилдаан таардаггүй монгол жүдоч тань хэн бэ?

-Лхагвасүрэнгийн Отгонбаатар.

Та Улаанбаатарын Их дуулгад оролцохоор Монголд ирсэн. Мэдээж түрүүлэх зорилготой байгаа болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Түрүүлнэ, алтан медаль хүртэх юм сан л гэж зорьж явна. “Монгол хүнд тусласанд баярлалаа” гэж олон, олон талархаж буйгаа илэрхийлсээр байна. Тэр бүх хүний сайхан сэтгэлийн хариуг Улаанбаатарын Их дуулгын алтан медалиар барих хүсэлтэй. Улаанбаатарын Их дуулга бол Парисын олимпийн эрхийн оноо олгох эхний тэмцээн. Монголын дэвжээнд анх удаа барилдах гэж буй минь энэ.

САЕИД МОЛЛАЕИ НАЙЗЫГ МИНЬ ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТУСЛАСАН МОНГОЛ УЛС, МЖБХ-нд БАЯРЛАЛАА

-Сайеид Моллаеи та хоёр сайн найзууд гэж дуулсан. Түүнтэй та хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?

-Би үргэлж холбоотой байдаг. Саеид Моллаеи миний сайн найз. Түүний амьдрал, тамирчны карьер их гунигтай. Тэр зүгээр л жүдо барилдаж, энэ гайхалтай спортыг сурвалжлахыг хүссэн. Гэтэл тэгэх боломж Иран улс олгоогүй. Харин тийм боломжийг Монгол Улс олгосон. Танай улс Саеид Моллаеиг зорилгодоо хүрэх гүүр болсон. Монгол Улс, Монголын жүдо бөхийн холбоо Моллаеид боломж олгож, алгаа тосон угтсанд баярлаж явдаг. Монголчууд болон Монголын жүдо бөхийн холбоо үнэхээр гайхалтай.

Монголоос буцахаасаа өмнө очиж үзэхийг, аялахыг хүссэн газар бий юү?

-Мэдээж байлгүй яах вэ. Тэмцээний дараа Улаанбаатар хотоор, Монголоор аялах, юм үзэх ганцхан хоног бидэнд бий. Монголын тал, хөдөө нутгийг үзэхийг хүсэж байна. Малчин хүний амьдрал их сонирхолтой гэж сонссон. Хонь хариулж, морь унах ямар байдаг бол. Боломж олдвол малчны хотонд очмоор байна. Тийм боломж, цаг гарах нь уу, яах нь уу.

Та эх орон руугаа хэзээ буцах вэ?

-Тэмцээн ням гаригт дуусна. Нэг хоног амарчихаад маргааш буюу мягмар гаригт эх орон руугаа буцна.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Маргааш эхлэх Их дуулгад зорилгодоо хүрээрэй. Амжилт хүсье, танд.

-Баярлалаа. Би тэмцээний сүүлийн өдөр барилдана. Монголын дэвжээнд Их дуулгад барилдана гэж бодохоор сайхан санагдаж байна. Үлгэрийн юм шиг.

Алтан медаль хүртэн, монголчуудын төдийгүй израилчуудынхаа бахархлыг төрүүлмээр байна. Та нарынхаа итгэлийг алдахгүйг хичээнэ ээ. Тэмцээнд оролцож буй бүх тамирчинд амжилт хүсье. Тэмцээн үзэж, жүдочдоо дэмжээрэй гэж монгол түмэнд уриалъя. Улаанбаатарын Их дуулга дээр уулзацгаая.

Leave a Reply

Your email address will not be published.