Ж.Оджаргал: 90-ээд онд Швейцарт 2 сар ажиллахдаа л “Ийм компанитай болох юмсан” гэсэн мөдөөрөл тээсээр эх орондоо ирсэн

Шилжилтийн 25 жилийн топ бизнесмэн Оджаргал өнгөрсөн 25 жилийн ололт амжилт, алдаа оноогоо хуваалцлаа. Мөн тэрээр өөрийн цахим хуудаснаа 1992 онд Швейцарийн Цюрих хотноо Электроватт компанид ажиллаж байсан үеийн зургаа дэлгэлээ. Ингээд энэхүү эрхэмийн ололт ажилт алдаа онооны талаарх мэдээллийг хүргэе.

ӨНГӨРСӨН 25 ЖИЛИЙН ОЛОЛТ АМЖИЛТ, АЛДАА ОНОО

Хүүхэд насны мөрөөдөл, ирээдүйн тухай төсөөлөл

Манай үеийнхэнд одоогийнх шиг Facebook, Instagram байсангүй. Харин дурсгалын дэвтэр аялуулдаг байлаа. Хүүхэд бүр нэг дэвтэр нээгээд, ангийнхнаараа аялуулж, дурсгал үлдээдэг, хүүхдүүд голдуу мөрөөдлөө, ирээдүйн талаарх гоё төсөөллөө энэ дэвтэрт зурдаг байсан. Би ч бусад хүүхдийн адил мөрөөдөмтгий байсан. Нэгэн дэвтэрт Office гээд өндөр байшин зурсан нь Central Tower ч юм шиг. Өөр нэг дэвтэрт Coca-Cola гэсэн бичигтэй байшин, бас дээрээ бараг л М-Си-Эс-ийн лого шиг харагдах таван хошуутай өндөр байшин зурсан байсан. Бүр сүүлд энэ зургуудыг олж хараад би маш их гайхсан, мөрөөдөж чадвал бүтээж болдог юм байна гэж бодох болсон.

Дурсгалын дэвтэрт 1983 онд буусан мөрөөдөл 2001 онд биеллээ олж, дэлхийн 200 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг Кока-Кола компанитай бид хамтран ажиллах болсон.

Өнгөрсөн хугацаанд манай залуучууд дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэл, технологи, маркетингийн шилдэг мэдлэг, туршлагыг Монголдоо нутагшуулж, дэлхийн Кока-Кола-гийн систем дотроо нэр хүндтэй, шилдэг хамт олны нэг болсон нь бидний бахархал. Бизнесээ эхлүүлэх үед улс орны эдийн засгийн байдал ямар байв?

1990-ээд оны эхэн үе бол шилжилтийн хямрал ид газар авсан, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт доод цэгтээ хүрч 1 тэрбум доллараас бага болсон, өөрөөр хэлбэл одоогийнхоос 10 дахин жижиг эдийн засагтай, инфляци жилд 250 хувьд хүрсэн, айл өрхүүд хүнсээ картын хуваарилалтаар авдаг, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц зэрэг эдийн засгийн гол салбарууд бүгд гүнзгий хямралд өртсөн үе байлаа. Ийм л үед найзуудтайгаа нийлж хувийн бизнес эхлүүлж байлаа.

Анхны оффис маань Уртцагааны урдхан талд байсан хуучин цэцэрлэгийн байшинд түрээсэлсэн жижиг өрөө байсан юм. Саяхан тийшээ очиж үзэх гэсэн, буулгаад оронд нь өндөр байшин барьсан байна билээ. Дээд сургууль төгсөж ирээд Төвийн эрчим хүчний системд ажиллаж байхдаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийн судалгаагаар Швейцарийн
Электроватт компанид 2 сарын хугацаатай ажилласан юм. Усан цахилгаан станц барих юмсан гэсэн мөрөөдөл тээсэн залуухан инженер явахдаа зөвлөгөө өгөх бизнес гэж асуудалд шийдэл эрж хайдаг, эргэлтийн хөрөнгө шаардахгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой оюуны гоё бизнес байдаг юм байна, ийм компанитай болох юмсан гэсэн бодол анх орж ирсэн.

Бизнесийн гарааны хөрөнгө оруулалт Компани байгуулахад эхлэлийн хөрөнгө гэх юм бидэнд байсангүй. Түрээсийн оффистоо 1 ширээ, 4 сандал, 1 бичгийн машин тавиад л бизнесээ эхэлсэн. Гэхдээ шилжилтийн эхэн үед бид мөнгөгүй ч гэсэн мөрөөдөлтэй, мөрөөдлийнхөө төлөө ажиллах эрх чөлөөтэй болсон байлаа. Хоногийн 24 цагаас 15-16 цагийг ажилдаа зориулдаг, заримдаа хонож ажиллах тохиолдол гардаг байлаа. Дээд рекорд нь тасралтгүй 36 цаг ажиллаж байсан. Одоогийнх шиг интернэт байхгүй болохоор мэдээлэл хомс, их цаг зарж тооцоо судалгаа хийдэг байлаа. Ингээд бодохоор бизнестээ оруулсан бидний анхны хөрөнгө оруулалт бол залуу нас, цаг хугацаа юм даа.

Цюрихээс олсон бизнес санаа

1991 онд Ж.Оджаргал Швейцарын Цюрих хотноо “Электроват” компанид  гурван  сар ажиллахдаа консалтинг сервиз буюу зөвлөх компани байгуулах бизнесийн санаагаа анх олжээ. Харин энэ санааг нь хүмүүс төдийлөн дэмжсэнгүй.  Дэмжээгүй гэхээсээ илүүтэй мэдлэг мэдээлэл, мэргэжил чадвар, аливааг бүх талаас нь харж анализ хийх ийм ажлаас  бэрхшээсэн байж мэдэх юм.  Ер нь зөвлөнө гэдэг бол шийдлийн угтал хэсэг шүү дээ. Тэр хэрээрээ хариуцлага дагалддаг.  Бизнесийн шинэ санаа, шийдэл бүхий залуу гурван найзынхаа  хамт 1993 онд  Урт цагааны умгар өрөөнд ганц ширээ сандалтайгаар  ирээдүйн том өрхийн тулгыг тулж  байсан түүх бий. Тэгээд  компаниа  Mongolian consulting servive  гэсэн үгийн товчилсон үгээр  MCS хэмээн нэрлэсэн байна.  Тэд энэ үедээ Дэлхийн банкныханд тоогдож,  хөдөө аж ахуйн чиглэлийн судалгаа хийхээр анхны 5000 ам.долларын гэрээ байгуулж байсан гэдэг. Дэлхийн банкныхан ирнэ гээд  ямар Урт цагааныхаа умгар өрөөнд тэднийг хүлээж авалтай биш дээ, Статистикийн төв газрын байранд нэг найзынхаа өрөөг түр “түрээсэлж” байснаа одоо ч эргэн дурсдаг. Нэг талаасаа хөгжилтэй хэдий ч өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэх зам амар хялбар байгаагүйг энэ мэтээс нь анзаарахад төвөгтэй биш.

Бизнесмен Ж.Оджаргал  эдүгээ  М-Си-Эс группын захиралуудын зөвлөлийн дарга. Тус групп 7000 орчим ажилтантай, тэдгээрийн 260 гаруй нь ахлах менежрүүд байдаг аж.

Улсын  төсвийг бүрдүүлэхэд зонхилох үүрэгтэй цөөн хэдэн компани бий. Тэдний нэг нь М-Си-эс. Тус компани татвар төлөлтийн хэмжээгээрээ монголчуудын “Саалийн ганц” хэмээн тодотгодог Эрдэнэт үйлдвэртэй  хойно урдаа ордог.  Зарим нэг нь татвараа  бууруулж тооцдог бол харин эднийхэн аль болох ахиухан татвар төлөх гэж өрсөлддөг. Энэ бол ёс жудаг,  компанийн соёл юм даа.

Эдүгээ тус компани үндсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж байна.  Эдгээр нь мэдээлэл харилцаа холбоо /Unitel/, хүнсний үйлдвэрлэл /Спирт бал бурам,  Coca Colа, Тайгер г.м/ ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл /Гоёо/,  уул уурхай, үл хөдлөх хөрөнгө гэсэн үндсэн салбарт 50 гаруй охин компани бүхий бизнесийн том байгууллага юм.

Энэ группийнхний хийж хэрэгжүүлсэн бүхэн нь бизнесийг хэрхэн хийж,  яаж амжилтанд хүрч болдогийн  амьд үлгэр дууриал юм.

Ж.Оджаргал Монголд хийх ажил үнэхээр их байна гээд  нэг ажлаа дуусгаад дахин нөгөөг эхэлмээр санагддагаа тэр хэлсэн. Өөрөөр хэлбэл тэмүүллээс тэмүүлэл төрдөг аж. Ашиг олохдоо бус ирээдүйд гарах үр дагаварыг нь түрүүлж харж, үр дүнтэй аль болох массыг өргөн хамарсан бизнесийг  чиг хандлагаа  болгодогоо бас  тодотгоно билээ.

Leave a Reply

Your email address will not be published.