Г.УЯНГА: АМЕРИКИЙН тугаар хийсэн шалны алчуураас адис авсан тэр хүн Монголын соёлд ихэд дорд ханддаг болохыг хожим олж мэдсэн…

Би энэ хүний нэрийг хэлэхгүй. Гэхдээ энэ явдал намайг маш ихээр гайхшруулсан билээ. 2002, 2003 оны хавьцаа бил үү дээ, Л.Гүндалай гишүүн парламентад бужигнуулдаг байсан үе юмдаг. Би АН-ын нэвтрүүлгийг хийдэг байлаа. Нэг шөнө хамтдаа нэвтрүүлгийн эвлүүлэг хийж нойргүй хоносон АН-ын нэг нөхөртэй хамт үдийн хоол идэхээр гэртээ дагуулж орлоо.

Манайх Ялалт кино театрын хойд талын таван давхар цагаан байшинд амьдарч байлаа. Гэрийнхээ хаалгыг түлхүүрдэн түрүүлж ороод “За та ор” гэвэл нөгөө хүн гэнэт чанга хашхирч, үүдний гишгүүрийг алгасан том гэгч алхаад арай уначихалгүй гэрт орох нь тэр.

-Та яав аа? гэж гайхвал тэр доош сууж манай шалны алчуурт гараа нэг хүргэснээ яг тэр гараа духандаа хүргэж манай шалны алчуураас адис авах нь тэр.

-Хүүе та чинь… яаж байна аа… ?!-Уянгаа, ингэж болохгүй! Америкийн далбаагаар үүдний гишгүүр хийнэ гэж юу гэсэн үг вэ? Одоохон авах хэрэгтэй! Гэв. Миний инээд хүрч: -Элэгдэж муудсан биеийн алчуураар хөлийн гишгүүрээ бүрчихсэн юм. Та чинь ямар аймаар сүртэй юм бэ? Америкчууд чинь өөрсдөө далбаагаараа дотоож, оймс, гутал хийгээд л өмсдөг биз дээ?

Гэвэл:-Би Америкийг ингэж доромжлохыг тэвчиж чадахгүй. Чи ядаж намайг байхад авчих тэгэх үү, гуйж байна. Америк бол миний амьдралыг өөрчилсөн. Би ёстой харж чадахгүй байна гэж үнэхээр үнэн сэтгэлээсээ гуйсан бөгөөд би шалны алчуураа түүнийг гэрээсээ гартал авсан билээ.

Харин тэр хүн Монголын соёлд үүнээс дор ханддаг болохыг хожим би мэдсэн юм. Тэр Ноён уулын асуудалд эсрэг байр суурьтай байсанд би ихэд гайхаж бас гутарч, шал дургүй хүрсэн билээ. Шалны алчуур байсан ч хамаагүй Америкийн далбаанд мөргөж, адис авдаг ийм хүнийг би өндөр албан тушаалд очиж болохгүй гэж үздэг. Одоогоор нэрийг нь хэлэх шаардлага тулгараагүй л байна. Бас тийм шаардлага битгий тулгараасай, энэ үйл явдал эзэнтэйгээ надтай үлдээсэй гэж хүсэж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.