Гадаад бүсгүйн ээж: Охин маань Монгол найз залуу нь эхнэртэйг мэдээгүй

Монголд амьдрахад ямар байдаг вэ? гэдэг асуултыг гадаадын нэгэн цахим хэлэлцүүлэг дээр тавьжээ. Харин үүний доор нь бичсэн сэтгэгдэлүүдээс танд орчуулан хүргэж байна.

Марина Демирчянь (АНУ)

– Монгол улс үзэсгэлэнтэй бас онгон байгальтай. Дуу чимээ, агаарын бохирдол, өнгө мөнгөний өрсөлдөөнөөс холдохыг хүссэн хүн бүрт зориулсан газар. Эдгээр зүйлс орчин цагийн томоохон хотуудад бүгд байгаа шүү дээ. Хэрэв та байгалийн үзэсгэлэнд дуртай бол, хэрэв та морин хуурын аялгуунд дурладаг бол, хэрэв та Чингис хааны түүхийг сонирходог бол Монголчуудын найрсаг, шударга зан танд таалагдах болно.

Шарон Тенни
– Би өмнө нь Монгол хүнтэй таарах эсвэл Монгол улсад болсон үйл явдлын талаар сонсох, Монгол улс руу хүн явсан гэж огт дуулж байгаагүй юм. Миний охин Япон улсад байхдаа Монгол залуутай үерхэж байхад нь би Японд уулзаж байсан юм. (Монгол улс жижигхэн, хүн цөөтэй бие биенээ мэддэг учраас би нэрийг нь хэлэхгүй). Бид хамтдаа их хөгжилтэй байсан. Биднийг Япон улс дахь Монгол грилл ресторанд оруулж байж билээ. Гэвч охин маань түүнийг хүнтэй гэрлэсэн байсныг мэдээгүй. Эхнэр нь ч гэсэн араар нь тавьж байгааг мэдээгүй байсан. Тиймээс хэн нь хэн гэдгээ мэдсний дараа тэдний харилцаа дууссан. Нэлээн юм болж билээ.

Би Монгол руу явахыг хүссэн ч чадаагүй. Тэгээд би тэндэхийн дуучин Болдод дуртай болсон. Тэр тэндээд маш алдартай дуучин гэдгийг би мэднэ. Сан Франциско хэсэгт олон Монголчууд байдаг. Би Болдыг өөрөө олж мэдсэн. Би үнэхээр Болдод хайртай. Миний таньдаг нэг Монгол намайг түүнтэй холбож өгсөн ба маш сайхан байлаа. Тэр надад маш гоё календарь явуулж билээ. Тэр календар дээр нь түүний зургууд бас Монголоор юм бичсэн байсан юм. Монголчууд маш найрсаг ард түмэн. Бараг л гэр бүл чинь өргөжөөд томорчихсон мэт санагдтал найрсаг байдаг. Би тэднийг дажгүй, нээлттэй гэж боддог. (Гэхдээ охины маань найз залууг эс тооцвол шүү дээ)
Аан тийм бас Японд байхдаа Сумогийн бөхчүүд Монголчууд байдаг гэдгийг олж мэдсэн. Монголчууд жингийн бага зэрэг илүүдэлтэй байдаг нь хачирхалтай санагдсан. Би Болдын дуунд дуртай. Тэр нэлээн орчин үеийн дуучин хэдий ч дуундаа Монголын хуучин соёлыг дуундаа шингээсэн санагдсан. За ямартай ч би Монгол улс руу явахыг маш их хүсдэг ч чадахгүй байх. Охин маань одоог хүртэл Японд сурсаар байгаа. Чамд зөвлөхөд аялахыг хүссэн жагсаалтандаа Монгол улсыг нэмвэл зүгээр гэж зөвлөнө дөө. Хэдий хол зайтай мэт санагдах ч онгоцоор нисээд очиход асуудал юу билээ.

Мартин Фостер (2011 оноос хойш Монголд амьдарч байгаа)

– Яг бүгдийг нь хэлэхэд би бүх улиралын үеэр энэ улсад ирсэн. Хамгийн гайхшрал төрүүлдэг зүйл маань миний царай.

Тайлбарлая. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот. 1-р сарын дундаж нь -40 градус. Заримдаа 12, 2 сард бас ийм байна. Шөнөдөө иймэрхүү хүйтэй байх ба өглөө нэлээн нар мандах хүртэл дулаан болно гэж байхгүй.
Дээрх зураг бол би ажил хүртлээ 20 минутын турш -46 градуст алхсан зураг.

Ингээд өдөр нь -27 градус болж дулаарсан юм. АНУ-д ч гэсэн одоо цаг агаарын эрс хүйтрэл явагдаж байгааг мэднэ. Гэхдээ энэ бол ховор тохиолдол. Улаанбаатарт харин амьдрах гэж байгаа бол өвөл болгон л -40 градуст байна гэж төсөөлөх хэрэгтэй.

Би Британи улсын иргэн. Монгол улсад 7 жил байсныхаа 5 жилд нь ажил хийж байна. Ерөнхийдөө Монгол улсад ажиллахаар ирсэн гадны иргэд кареераа өсгөх юм уу эсвэл мөнгө олохын тулд биш харин Монгол улсад, Монголчуудад дуртай болохоор ирсэн гэж боддог. Үүнийгээ тодорхой тайлбарлаж хэлэхэд Монгол улсын цалин нь Азийн бусад орнуудтай харьцуулахад бага байж болох ч тэр мөнгөөрөө Монголд хангалттай амьдарч бас хадгалах боломжтой. Учир нь ихэнх гадныхан амьдардаг Улаанбаатар хотод хийх зүйл ховор. Магадгүй хөдөө ажилладаг хүмүүст бол өөр байх л даа. Тэд зэрлэг онгон байгаль аялаад гоё байдаг байх.

Бас уул уурхайн мэргэжилтнүүд байх ба уурхай руу 4 долоо хоног очиж ажиллаад 2 долоо хоног амардаг санагдаж байна. Тэд өндөр цалин авдаг боловч цөлтэй газар ажилладаг болохоор хөгжилтэй байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ амралтаараа сайхан партидаж авдаг байхаа.

Өөр нэгэн өнцөг бол барилгын болон уул уурхайн салбарт ажилладаг Хятад ажилчид. Тэд өндөр цалин авдаггүй хэдий ч Хятад улсдаа олохоос илүүг олдог. Тэд зөвхөн ажлаа хийх ба Монголчуудын нийгэмд тэр бүр оролцоод дунд нь ороод явдаггүй. Тэд гэртээ харих хүртлээ хүлээх эсвэл ажил зогсдог өвлийн улирлыг хүлээгээд л ажлаа хийгээд байж байдаг.
Ингээд өөр нэгэн бүлэг бол миний бүлгийнхэн буюу багш нар. Бид багаас дунд хүртэл цалин авдаг боловч ажилдаа дуртай, паб ресторанаар явж хөгжилдөх боломжтой. Эдгээр хүмүүсийн олонх нь Монголчуудтай нийлж үерхэж амьдарч байгаа нь харагддаг ба энэ нь тэд яагаад өөр өндөр цалинтай улс руу явахгүй байгаагийн шалтгаан болдог байх.

Би Сингапур улсын иргэний эзэмшдэг дээд сургууль ажилладаг бөгөөд цалин маань бага ч гэсэн ажилдаа дуртай. Би Хятад, Вьетнам улсуудад илүү цалин авдаг байсан боловч энд амьдрахыг илүүд үзэж байгаа. Монголчуудын хамгийн гоё зүйл зэрлэг байгаль, нүүдэлчин ард түмэн. Та энэ улсад ирсэнээр тал нутаг, уул, гол, нуур, том цөлөөс хэзээ ч холдохгүй ойр байх болно. Энд ирсэн бүх л гадаадын иргэд ямар нэгэн боломж гарвал хөдөө нутгаар нь явж аялдаг нь тодорхой. Энд байсан миний хамгийн аз жаргалтай мөчүүд бол найз охинтойгоо аялалд явсан мөчүүд юм. Тэр миний хөтөч, анд нөхөр, бас хамгийн сайн найз байж чаддаг.

Харин жаахан сөрөг зүйлс гэвэл хотын амьдрал нь орчин үеийнх боловч бусад хөгжиж буй улсуудыг гүйцэхгүй. Олон төрлийн хоол эсвэл эм, дэлгүүрийн бараа олон сонголтгүй байдаг. Цахимаар захиалж авч болох хэдий ч тэсвэр тэвчээр хэрэгтэй болох ба 2 долоо хоног болж байж ирнэ шүү дээ.

Бас өвөлдөө агаарын бохирдол маш хэцүү. Тодруулбал Улаанбаатар нь дэлхийн хамгийн агаарын бохирдолтой нийслэлүүдийн нэг. Ажил маань Улаанбаатарт учраас гэртээ агаар шүүгч, гадуур маск зүүж явахаас өөр аргагүй болно. Өвөлдөө цаг агаар -40 хүрдэг. Гэхдээ зарим хүмүүст таалагддах байх л даа. Засгийн газар нь агаарын бохирдлоо шийдчихвэл хамгийн их хүсэх зүйл маань юм. Хэрэв та Монгол руу жуулчнаар ирэх гэж байгаа бол дор хаяж нэг сар байрлахаар ирэхийг зөвлөж байна. Улаанбаатар хотыг үз, хөдөө орон нутгаар нь бас яваад үзээрэй. Хэрэв та энд хэрэгтэй мэргэжил эзэмшдэг бол ажилд бүртгүүлээд Хятад, Солонгос улс руу гарч ороод жуулчны визээ ажлын виз болгох боломжтой. Ажлын визийг авахад хялбар талдаа. Гэхдээ ажилгүй 2 долоо хоног болох юм шууд визээ цуцлагдана гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Натан Хирст

– Гайхалтай шүү. Би тэнд хоёр жил амьдарсан. Хүсвэл та хэлийг нь сурч болно. Монгол хоол гайхалтай. Гэхдээ хүсвэл Америкийн, Хятадын гээд олон төрлийн ресторанууд байгаа учраас сонголт хийж болно. Түрээсийн үнэ тийм ч өндөр биш. Гэхдээ Монгол биш бол илүү төлбөр төлөх шаардлага гарч мэдэх юм. Гэмт хэрэг ер нь бага. Хүмүүс нь ерөнхийдөө эелдэг. Бас бусдыг үл хүндэтгэхгүйн тулд зарим нэгэн зүйлийг суралцах хэрэг гарах байх.

Манож Шарма (Энэтхэг. Монголд 10 хоносон)

– Би бараг л цагаан хоолтон байлаа. (Өндөг, ногоо л иддэг байв). Тэгээд 10 хоног Монгол улсад амьдарч үзсэн. Эхний өдөр: Улаанбаатар хүртэл нислэгийн үеэр Энэтхэгийн ийм цагаан хоол идсэн юм.

Үнэндээ би аялан үеэр ийм хоол иднэ гэж бараг л төсөөлөөгүй билээ.

Хоёр дахь өдөр: Улаанбаатар хотоос гарч үндэсний паркын ойролцоо Монгол гэрт буусан.

Энэ үед би өөрийн хөтөчдөө мах иддэггүй гэдгээ хэлээгүй байсан юм. Ингээд надад доорх зураг дээрх хоолыг өгсөн билээ. Шарсан махтай гурилтай хоол.

Цагаан хоол бэлдэхэд хэт оройтсон байсан учир би дотроос нь махыг нь гаргаж ялгаад үлдсэн гурилыг нь усаар даруулаад идсэн.

3 дахь өдөр: Дараа нь ийм хоол идсэн юм. Тийм ээ шарсан өндөг, будаа болон ногоотой хоол. Ийм нөхцөлд миний дуртай хоолноос ч дутахааргүй санагдаж байсан билээ.

Үлдсэн аялал маань: Дараа дараагийн өдрүүдийг хольж санаад байгаа учраас нэгтгээд хэлье гэж бодлоо. Ингээд дараа нь Улаанбаатар хот руу буцаж түрээсийн машинаараа хөдөөгөөр аяласан.

Ингээд замдаа нэг ийм рестораноор орсон. Хөтчийнхөө ачаар цагаан хоол бэлдүүлж идэж чадсан билээ.

Дараагийн хэдэн өдрүүдэд энд тэнд байрласан кэмпүүддээ болон ресторануудад идсэн цагаан хоолнуудаа доор зургыг нь орууллаа.

Ингээд Улаанбаатар хотод буцаж ирээд бараг 7 хоног болсны дараа манай найзууд намайг бас нэгэн ресторанд оруулсан юм

Надад ийм л түүх байгаа юм даа. Миний хэлэх гэсэн зүйл бол хүн бүрт өөр байна байх. Магадгүй бүх цагаан хоолтнуудад ийм аялал таалагдахгүй байж болох юм. Байнга л хоолныхоо талаар санаа зовдог бол шүү дээ. Харин надад лав тийм зүйл байгаагүй. Миний хувьд Монгол улс гэдэг онцгой улсаар аяласан туршлага маань таалагдсан.

Leave a Reply

Your email address will not be published.