ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Н.НОРОВБАНЗАДЫН ОХИН Б.ДЭЛГЭРМАА: Ээжийг 70 настайдаа “Урьхан хонгор салхи”-ийг дуулахад аав минь гараас атгаж, “Аа яаяа” гээд огшиж байсан

-ЭЭЖИЙНХЭЭ ДУУЛАХЫГ СОНСОЖ ЧАДАХГҮЙ УЙЛЧИХ ГЭЭД БАЙДАГ ЮМ-

     “…Ингээд л хөгширчихсөн мөртлөө мэлмэрээд байдаг юм. Би айлын эрх хүүхэд байсан юм чааваас. Уг нь уйланхай байлаа ч ийм байгаагүй л юм даа” хэмээн нулимсаа цаасанд шингээж, зүгээр, зүгээр үргэлжлүүлье” гэв. Ойрд аав, ээжийнхээ тухай дурсаж, яриагүй болохоор тэднийгээ санаад ч юм уу, хайрлаад ч юм уу, эрхлээд ч юм уу нулимс аяндаа л урсаад байх юм. Би Монголд ирээд ер удаагүй байна. Аав, ээжийн минь энерги шингэсэн энэ сайхан өрөөнд зургийг нь  харж байгаад дурсан ярих шиг хэцүү зүйл алга.

Гэхдээ мэдээж бахархаад баршгүй нь сайхан юм даа.  Тэдний минь хэлж байсан үг, хийж байсан үйлдэл нүдэнд харагдаад байгаа болохоор, сэтгэл үймэрч, усан нүдлээд салахгүй шинжтэй” хэмээн санааширч, яг л түүний өөдөөс ширтэж, чимээгүйхэн бидний яриаг сонсож буй мэт аав, ээжийнхээ хөрөг зургуудыг сэтгэлээрээ, харцаараа илбэж, сэтгэлийн ариун үг, нандин дурсамжаараа ойлголцож байгаа нь энэ.

     Түүний амнаас “Аав минь, ээж минь”  гэх эрдэнэ шиг үг гарах бүрд хоолой нь зангираад л тэгснээ удалгүй хаврын тэнгэр шиг гэнэт сэтгэл нь цэлмэж, сайхан дурсамжаар хөглөгдөж, инээд цацруулаад л баясгалантай нь аргагүй аав, ээж, бага насныхаа тухай жигтэйхэн сайхан хүүрнэх юм.

     Түүний ээжийг Зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Намжилын Норовбанзад гэдэг. Түүний бүх гуншиг нь орхиод зүгээр л Н.Норовбанзад гэхэд багадахааргүй дүүрэн хүн. Энэ  нэрийг сонсох бүрд гэрэл цацруулан инээмсэглэх төрх, том том яралцсан цагаан шүд нь нүднээ харагдаж, “Уяхан замбуу тивийн наран” дуу сонсогдох шиг болдог. Тэрбээр гэртээ бусдын л адил сайн ээж, сайхан энхэр. Харин хүннү захтай урт цагаан дээл, хувцас, богтаг малгайгаа өмсөж, морин хуурын аялгуутай хоршиж, шуранхайлахаараа тив дэлхийд цуурайтсан энгүй сайхан дуучин болж, хүн төрлөхтний сэтгэлийг, сонорыг мялааж, ариусгадаг хосгүй хүмүүн. Ийнхүү дэлхийн дууны урлагт алтаар бичигдэх Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын бага охин Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

-Та уртын дууг хэрхэн ойлгодог вэ?

         -Дэлхийд монгол гэдгээрээ ялгарах ганц зүйл бол уртын дуу. Уртын дууны дэг суурийг бий болгож баяр наадмаас тайзны урлаг болгосон хүн бол яалт ч үгүй миний ээж. Бусдаас ялгарах, бахархах, омогших үндэсний бахархал бол уртын дуу мөн. Үнэхээр бусад бүх урлагаас содон дахин давтагдашгүй, гайхамшигтай. Ээж минь уртын дууг монголын сонгодог урлагийн түвшинд хүргэсэн. Тийм учраас бид дуурь бол сонгодог урлаг, уртын дуу язгуур урлаг гэж болохгүй. Уртын дууг бөөцийлсөн бүйвээлэх сэтгэл монгол хүний цусанд бий гэж боддог доо. Ээжид зориулсан Их газрын чулуунд байрлах “Уяхан замбуу тивийн наран” хөшөөнд дуучид очиж, мөргөж, энерги авдаг юм билээ. Энэ тухай хүмүүсээс сайхан зүйл их сонсож байсан. Гэхдээ би аав, ээждээ хөшөө босгохыг хүсдэггүй. Харин энерги, хүч, гайхалтай агуу оюунлаг авьяаст нь мөргөж байгаасай гэж хүсдэг.

-Та ухаан орохдоо л ээжийгээ дуучин гэдгийг мэддэг байв уу?

-Би Улаанбаатар хотын 40 мянгатад төрж, өссөн. Тэр үеийн 40 мянгатад сэхээтнүүд амьдардаг байлаа. Намайг бага байхад миний хоёр эгч ээжийг минь “гоё ээж” гэдэг байсан. Ээж минь залуугаасаа алдар хүндтэй болсон учир миний мэдэхийн ганган хүн байсан санагддаг. Гаднын зочид, төлөөлөгчид ирэхэд болон төрийн концертод тоглодог байсан. Гэрийн бараа ч хардаггүй. Байнга орон нутаг руу, гадаад руу хоёр, гурван сараар явдаг байсан. Аав минь ч мөн адил уран бүтээлч хүн болохоор орон нутгаар их явдаг байлаа. Тэгээд л бид гурав эмээтэйгээ “Эрх чөлөө мандтугай” гэж амьдардаг байлаа даа.

-Урлагийн гэр бүрд төрж, өснө гэдэг өндөр их хувь заяа гэж боддог. Харин та юу гэж боддог вэ?

        -Уран бүтээлч гэр бүлд төрж, өснө гэдэг хамгийн аз жаргалтай. Бүх зүйлээ дураараа хийж болно. Би айлын бага болохоор цэцэрлэгт явах дургүй. Худлаа нүдээ аньж, хэвтэж байгаад цэцэрлэгээсээ хоцордог байсан. Гэтэл аав, ээж хоёр “Хэн нь ажил руугаа дагуулж явах вэ” гэсэн янзтай бие биерүүгээ гардаг байсан. Тэгээд би зохиолчдын хороо руу юм уу, Ансамбали руу ээж дээр очдог байв. Зохиолч нар тамхиа татаж, шүлгээ уншиж, уран бүтээлээ солилцож, сонирхолтой зүйл ярьдаг байсан. Харин ээж дээр ирэхээр уран бүтээлчдийн бэлтгэлээ хийж байхыг нь үзэгчдийн суудлаас найруулагчтай нь хамт үздэг байсан. Би ээжийг гарч ирж дуулахыг хүлээдэг байсан ч ээж бэлтгэлийн үеэр огт гарч ирдэггүй байсан. 

-Та хэнийх нь ажил дээр очих дуртай байв?

       -Аавын ажил дээр очих дуртай байсан. Яагаад гэвэл, зохиолчид надад  “Банзаагийн шар” гээд их сайн. Тэгэээд  надад 10 төгрөг өгдөг байсан. Тэр үед 10 төгрөг бол асар их мөнгө байлаа шүү дээ. Зохиолчдын хороон дээр аавдаа эрхлээд, зохиолч нарын өгсөн 10 төгрөгөөр тансагладаг байсан үе миний амьдралын хамгийн жаргалтай, нандин дурсамж байсан санагдаж байна.

-Ээжийгээ тоглолтоор яваад гэрийн бараа хардаггүй байсан гэлээ шүү дээ. Ер гэртээ байхдаа гэрийн ажил хийдэг байв уу?

       -Бид ээжийг гэрт удаан байхад нь дургүй байсан. Ээжээс илүү аавтай байхдаа чөлөөтэй дураараа байсан юм шиг байна лээ. Тэгээд ээжийг ирэх дөхөхөөр аав “За, ээж чинь хоёр хоногийн дараа ирнэ. Гэрээ цэвэрлээрэй” гэдэг байсан. Ээж шаардлага өндөртэй байсныг ч хэлэх үү, ирэх сургаар нь бид гэрээ чадлынхаа хэрээр сайхан цэвэрлэдэг байсан. Гэтэл ээж хөдөөгүүр явж, явж орж ирснээ “Хмм, тийм юмаа угаагүй байна, ийм юмаа ч угаагаагүй байна гэдэг” байсан. Дутуу үлдээсэн зүйлийг заавал олж хардаг байсан. Ээж минь маш нягт нямбай, цэвэрч, сайхан хоол хийдэг, хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Жинхэнэ төгс, төгөлдөр эмэгтэй байсан. Бид хаалттай цаг үед амьдарч байлаа. Тэгэхэд ээж минь гадаадаас ирэхдээ их гоё, гоё юм санаачилж ирдэг байсан. Аливаа зүйлийг зохиож бүтээхдээ сайн. Явсан газрынхаа соёл, ахуй амьдралыг их ажигладаг, энийг ингэж хэрэглэвэл монголын орчин нөхцөл зохих юм байна гэдэг ухааныг олдог байсан.

Тэр  ч утгаараа манайх ханаа хүртэл торгоор чимэглэдэг байлаа. Мөн ээж минь залуучуудыг их дэмжиж ажилладаг байсан. Цаг үетэйгээ нийцэж хамтарч ажиллах чадвартай байсан юм билэээ.  Ер нь монголчуудыг Европ хүний нүдээр харахад,  үнэхээр авьяастай, чадвартай. Гагцхүү тэрхүү энергийг зөв голдиролд оруулахгүй бол хэт улс төржсөн нийгэм болжээ гэмээр.  Улс төргүй гайхалтай сайхан амьдрал өрнөдөг шүү дээ.

-Та ээжийгээ сайхан хоол хийдэг. Чадахгүй зүйл үгүй гэлээ. Ээж нь ямар хоол хийх дуртай байсан бэ?

        -Ээж бууз, баншийг цэрэг жагсаж байгаа юм шиг өрдөг байсан. Би бараг бууз, банш чимхэж чаддаггүй шүү дээ. Багадаа мах татаж, гурил зуурч, элддэг байсан. Зохиолчдын хорооны бүх хүүхэд миний эмээгийн хоолоор хүн болсон гэхэд болмоор. Их сайхан хоолтой хүн байсан. Тийм учраас ээж минь эмээг дуурайсан сайхан хоолтой.  Ээж минь янз бүрийн бүтээгдэхүүнээр тохируулаад юм хийчихдэг байсан. Тэр нь ч бидэнд сонирхолтой байдаг байв. 

Урлагийн дээл хувцсаа өөрөө хийдэг байв уу?

        -Ээж минь их уран хүн байлаа. Дуулахаас гадна маш олон авьяастай шүү дээ. Зөвхөн дуулахаас өөр юу ч хийдэггүй гэж бодох хэрэггүй.  Тоглолтынхоо дээл, малгайныхаа загварыг өөрөө гаргадаг байсан. Манай ээжээс өөр хүннү захтай дээл өмсдөг хүн байгаагүй. Хүний авьяас бүх зүйлд харагддаг. Японы дуучид ээжийг минь “Сансрын дуучин” гэж хүндэлдэг байсан.  Ээж минь “Уяхан замбуу тивийн наран” дууг огторгуйд дүүлж буй мэт сайхан дуулдаг байв. “Уянхан замбуу тивийн наран” гэдэг монголчуудын суут бүтээл. Үүнийг амилуулж, дэлхийд түгээсэн суут хүмүүн бол миний ээж гарцаагүй мөн. Үүнийг ард түмэн батална даа. Тэгж бодохоор сайхан байдаг юм.

-Ээж нь та гуравт юу захидаг байсан бэ. Байнга хэлж ойлгуулдаг байв уу, үйлдлээрээ ухааруулдаг байв уу?

-Бидэнд “Гэрээ сайхан авч явж, хоол сайн хийх ёстой. Англи хэл сайн сур. Чи Оросоос гараад хэлгүй гэсэн үг. Хэлгүй, боловсролгүй хүн шиг муухай юм байхгүй” гэж захидаг байсан. Тэгээд манай бага эгч Франц, би англи хэл сурдаг байсан. Аливаа зүйлийг хэлэхээсээ илүү үйлдлээрээ илэрхийлж, бидэнд үлгэр жишээ болдог байлаа. Ээж минь ажилдаа явахаасаа хоёр цагийн өмнө босож, хоол ундаа бэлдэж, нүүр, амаа будчихаад явдаг байсан. Үргэлж өөрийгөө толинд хардаг, дэгжин эмэгтэй байсан шүү. 

-Та гурав ээжийгээ дуурайгаад гоо сайхандаа их анхаардаг байв уу. Толиноос салахгүй биз дээ?

         -Бид гурав “хөмсгөө далий будчих вий” гэж ээжээс айгаад огт буддаггүй байсан. Одоо ч буддаггүй хэвээрээ. Уруулын будаг ч хэрэглэж үзээгүй гэхэд болмоор. Уг нь толиноос салахгүй л баймаар даа. 

-Таныг улстөрч болоход нь аав, ээж нь юу гэж байв?

      -Ээж надад “Улстөрч, жүжигчин гэх мэт олны танил болох мэргэжил сонгосон бол үргэлж өөрийгөө толинд харж байх ёстой шүү” гэдэг байсан. Чиний бүх амьдрал бүгдэд ил тод байх учраас муу юм хийж болохгүй, хүнтэй муухай харьцаж болохгүй, алхам тутамдаа сайн сайхан явах нь чиний  үүрэг” гэдэг байсан.  

-Олны танил алдартай хүмүүсийн хүүхэд байх “Хэцүү” гэж хүмүүс ярьдаг. Харин таны хувьд ямар санагддаг вэ?

      -Үнэхээр хэцүү. Сургуульд ороход л “Дуучны охин дуул” гэх жишээтэй. Намайг дөрөвдүгээр ангид байхад Монгол хэлний Цэвэлмаа багш гэрийн даалгаварт “Шүлэг бичиж ир” гэсэн юм. Тэгэхээр нь нэг шүлэг бичээд очтол “Ааваараа бичүүлсэн үү” гэж байсан. Тэр надада муухай санагдаж байсан болоод ч тэр үү  санаанаас гардаггүй юм. Ер нь эцэг, эхийн сүүдэрт амьдрана гэдэг хэцүү шүү. С.Зориг бид хоёр 2000 онд Дундговь аймгаас нэр дэвшиж, сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзаж байсан. Тэр үед хүмүүс надаас “Дуулдаг уу л” гэж их асуудаг байсан.  Гэтэл надад “дуулдаггүй” гэж хэлэх эрх байхгүй. Найрын гурван аятай гэж үнэнээ л хэлдэг байсан.

-Таны ээж хэдэн онд Хөдөлмөрийн баатар болсон бэ?

        -Ээжийг минь 1931 онд Дундговь аймгийн Дэрэн сумын Сүүдэртийн улаан овоо гэдэг газар төрсөн юм билээ. Ээжийг багад нь “Дуучин шар” гэдэг байсан юм билээ. Түүний анх сурсан дуу нь “Сэрүүн сайхан хангай” гэсэн. Тэгээд дэлхийн залуучууд оюутны их наадамаас алтан медаль авч байв. Тэгээд наадмын дараа улсын их театрт 1959 он хүртэл хоёр жил шахам дагалдан жүжигчний ажил хийсний эцэст мэргэжлийн шалгалт өгч, жинхэнэ жүжигчний үнэмлэх авсан гэдэг.

Тэгээд дуучны замналаа эхлүүлж, 1961 онд Гавьяат жүжигчин, 1967 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1999 онд Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан юм. Тэгээд ээж минь 2002 оныд 71 насандаа бурхан болсон доо. Ээж минь Азийн хамгийн нэр хүндтэй соёлын шагналыг эх орондоо авчирсан анхны хүн болж, байсан учир Хөдөлмөрийн баатар болж байсан түүхтэй.

-Та ээждээ зэмлүүлж байсан дурсамжаа ярьж өгөөч?

         -О.Дашбалбар бид хоёр гишүүн байхдаа их хэрэлддэг байлаа. Тэгээд би нэг удаа уурандаа ээжид “Та О.Дашбалбарт төрийн шагнал олгож болохгүй шүү” гэхэд ээж минь “Улс төр надад ямар хамаатай юм” гээд нээх их уурлаж билээ. Аав, ээж минь “Авьяас хэзээ ч улс төртэй холилдож болохгүй” гэдэг зарчимтай байсан.

Улс төрийн нөхцөл байдал таны аав, ээжийн амьдрал, уран бүтээлд нь хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ?

        -Аав, ээж хоёрын минь байгаа байдал нь намчирхаж, улстөрждөггүй байлаа. Боловсрол, спорт, соёл зохиол бүтээл зохиолоороо байх ёстой гэдгийг ойлгуулсан хүмүүс. Харин тэдний итгэл үнэмшил зохиол бүтээлд нь байдаг байсан. “Нэгдлийн эсрэг юм биччих вий, социалист зүйлээс гажуудаж, хөрөнгөтний нийгмийг дэмжсэн юм биччих вий” гээд л зүрхшээдэг байсан байлгүй. Ээжийг минь Япончууд “Гэрээгээр ажиллаж, манайд дуулаач” гэж байсан. Бүр сэтгүүлч ирж манай гэрээс сурвалжилга хийж байсан гээд л бод.

Гэтэл манай улсаас “Эдний гурван өрөө байрыг нь хөрөнгөтний нийгмийнхэнд үзүүлж болохгүй” гээд манай гэрийг  засвартай”  гэж хэлүүлээд, Сонгинын амралтад очиж байсан. Тэгээд сурвалжилагч ээжээс “Та онгоцтой юу, ямар хаусанд амьдардаг вэ. Манайд тань шиг дуучин ингэж, ингэж амьдарна” гэж баахан юм ярьсан гэдэг. Тэр үед ээж минь хөрөнгөтний орнуудаар явж, тоглолтоосоо олсон хэдэн төгрөгөө улсын орлого болдог, үлдсэн жаахнаар нь барааны саван авдаг байсан. Одоо үүнийг хэн ч санадаггүй, дурсдаггүй. Тэгэхээр аав, ээж минь уран бүтээлчдийнхээ хувьд асар их дарамттай амьдарсан санагддаг. Улстөржсөн зүйл аав, ээжид минь уран бүтээлчийнх нь хувьд харамсал, өөрсдийгөө гоё илрэхийлж гаргаж чадаагүй нь мэдрэгддэг.

Та айлын бага учраас эрх танхи өсөв үү. Аав, ээж нь хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

       -Би байрныхаа хүүхдүүдтэй зодолдож, толгойгоо хаглуулаад орж ирэхэд, эмэгтэй хүүхэд байж хаашаа юм. Яах гэж айлын хүүхэдтэй зодолдож байгаа юм” гээд ээждээ зодуулдаг байсан. Ээж минь сайндаа л өдөн дэрээр балбадаг байлаа. Харин миний аав шиг гайхалтай аав дэлхийд байхгүй. Ээжийг эзгүйд байрныхаа бүх хүүхдийг оруулж ирээд, гэр орноо буулгаад ээжийн гоё, гоё хувцсыг нь өмсөж тоглодог байхад юу ч хэлдэггүй байсан.

Ээж минь 35 размерын гутал өмсдөг байсан болохоор хүүхдүүдэд таардаг байв. Эгч бид хоёр  хүүхдүүдэд “Ээжийн өсгийтийг өмсөөд эндээс тэр хүртэл явах юм бол гэр цэвэрлэж өг” гэдэг байсан. Хүүхдүүд ч дуртай нь аргагүй өмсөж алхдаг байж. Аав биднийг их эрхлүүлдэг байсны шинж. Гэхдээ ээжийг загнаж байхад өмөөрдөггүй юм. Бараг аавыг дуугуй, юу ч хэлэхгүй суухаас бид айдаг байсан даа.

-Та аав, ээжийгээ баярлуулж чадсан уу?

       -Бид гурав аав, ээжийгээ баярлуулсан гэж боддог. Манайхан байнга цугларч хоол иддэг байсан. Хоёр эгч хүүхдүүдээ дагуулж ирээд, бужигнаж бужигнаж байгаад орой явахаар ээж тэднийг “Босоо хоноцууд” гэдэг байсан. Ер нь гэр бүлийн уур амьсгал сайтай, гэр бүлсэг хүмүүс шүү. Бид бүгд онц сурдаг, бүгдээрээ мундаг ажил мэргэжил эрхэлсэн хүмүүс. Намайг дунд сургуулиа онц төгсөхөд тэр үеийн Зохиолчдын хорооны дарга байсан Л.Лүдэв гуай “Онц сурлагтанд алтан үзүүртэй үзэг бэлэглэнэ” гээд 20 төгрөгийн үзэг өгч байсан.

Мөн Их сургуулиа улаан дипломтой онц төгсөж, эгч минь Сүхбаатарын цалинтай сургуульдаа багшлахаар үлдэж, би Төв хорооны газар ажиллаж байсан. Тиймээс биднээр их бахархдаг байсан санагддаг. Гэхдээ эл биднийг магтаж байгаагүй. Дандаа “биеэ тоовоо” гэж анхааруулж, захидаг байсан. Бид гурав сайхан хань ижилтэй учирч, үр хүүхдүүдтэй сэтгэл хангалуун амьдарч байна. Харамсалтай нь бага эгч минь бурхан болчихсон юм. Бид гурав тав, таван насны зөрүүтэй.

Та гурвын хэн нь аавыгаа, хэн нь  ээжийгээ дуурайсан бэ?

       -Миний ээж шударга, хариуцлагатай, нягт нямбай, хүлээцтэй монгол эмэгтэйн мөн чанарыг шингээсэн сайхан монгол эмэгтэй. Би аавыгаа илүү дуурайсан юм шиг санагддаг. Гэхдээ зан төлөвийн хувьд ээжтэйгээ адил байж магадгүй. Бага эгч минь ээжийг илүү дуурайсан бас сайхан дуулдаг байсан юм. Манай том эгч нисэхэд ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан. 70 гаруй настай. Бид гурав “Банзрагчийн гурван эрх” гэдгээрээ алдартай байсан. Би бүр илүү эрх байсан.

Тухайн үеийн хүмүүсийн цалин 300 төгрөг байхад би 200 төгрөгийн шуба өмсдөг байлаа. Гэтэл хэдхэн жилийн өмнө нэг танилтайгаа таарж, жаахан юм ярьсан чинь “Чиний цагаан шубыг бид байраараа ярьдаг байсан шүү дээ. Нээх их зантай бөмбийсөн цагаан охин үнэтэй шубаа өмчихөөд л гараад ирдэг байсан ” гэж ярьж байсан. Юугаар ч дутахгүй өснө гэдэг үнэхээрийн жаргал юм билээ. Хоол унд, хувцас хунар, сэтгэлээр дүүрэн өссөндөө баярладаг. Гэхдээ бидэнд бусдын л адил сүүнд дугаарладаг үе байсан. Бусдаас ялгарах онцгой эд хөрөнгөгүй байсан болохоор амар ч байсан юм шиг санагддаг.

Танайд урлагийнхан цуглардаг байв уу?

       -Манайд урлагийнхан их цуглардаг байлаа.  Бараг л найр наадам болно шүү дээ. Шинэ шөл уухдаа хүртэл нэгнийдээ цуглардаг байсан юм чинь. Манай орцонд Цэдэн-Иш гуайнх доод давхарт Ардын жүжигчин Гомбосүрэн гуайнх, дээд давхарт Аюур гуайнх байдаг байсан. Байраараа өдөржин, шөнөжин дуулж хуурдаад сайхан байж. Манай байр бараг урлагын байгууллага шиг л байдаг байж. 

-Та багадаа дуучин болно гэж боддог байв уу? 

-Би орой бүр ээжийнхээ цагаан плажийг өмчихөөд, хөшигний ард орж, цонхны тавцан дээр зогсож байгаад “Цогт тайжийн цагаан ордонд хэн оров” гээд Ичинхорлоо гуайг дуурайж уншдаг, дуулдаг байсан. Тэгээд дөрөвдүгээр ангиасаа хойш дуулахаа больсон. Тэгэхээр урлагийн хүн болно гэсэн бодол байсан юм уу, хүрээлэн буй орчин, хамт амьдардаг, уулздаг хүмүүс нөлөөлсөн юм уу, мэдэхгүй. Юун гэрийн даалгавар хийх манатай л урлагийн хүн аятай байдаг байсан санагдана. 

-Ээжийгэээ тайзан дээр дуулж байхыг хараад анх ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

      -Ээж минь төрийн концертод ордог байсан учир бид үзэж чаддаггүй байсан. Ер нь үзэх боломжтой байсан ч айгаад үзэж чаддаггүй байсан юм. Ээж минь 70 насныхаа ойгоор СТӨ-нд “Урьхан хонгор салхи”-ийг дуулсан юм. Тэр үед аав минь миний гарыг атгаж, “Аа яаяа” гэж огшиж байсан. Ээж минь дээд өнгө авна гэж янзын шүү дээ. Би одоо ч ээжийнхээ дууг сонсож чадахгүй уйлчих гээд байдаг юм.

      хэмээн бидний яриа энэ удаад өндөрлөсөн юм. Тэрбээр “Аавынхаа хийсэн бүтээсэн ажлыг нь бага ярьсан байж магадгүй. Гэхдээ хүн чанарын хувьд ч тэр, зохиолчийнхоо  хувьд ч тэр миний аав шиг хүн дэлхийд байхгүй гэж боддог. Бас л утга, уран зохиолын салбарт цойлох нэгэн байсан. Харин ээжийн сүр, алдарт жаахан дарагдаж, даруухан амьдарсан санагддаг. Гэвч охидынхоо зүрхэнд тодоос тод гэрэл, бидний амьдралын өмөг түшиг, тулах цэг минь байсан даа” хэмээн бахархаж байсан юм. 

Эх сурвалж: Ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published.