Британи бүсгүй: Тиймээс л би монгол эртэй гэрлэсэн…

Их Британийн “Telegraph” сэтгүүлийн сурвалжлагч Сэлли Ховард гадаад хүнтэй гэр бүл болсон дөрвөн Англи эмэгтэйтэй 2012 онд уулзаж ярилцаж байжээ. Тэдний дунд Батаагийн Цэрэнбат хэмээх Монгол залуутай гэр бүл болсон Розамунд Эбдон хэмээх бүсгүй байгаа юм. Тэрээр Батаатай анх хэрхэн танилцаж байсан талаар, мөн Монгол залуу хэр сайн нөхөр болох талаар ийнхүү ярьжээ.


Розамунд Эбдон, 50 настай, төрийн албан хаагч.

Батаагийн Цэрэнбат, 48 настай, санхүүгийн хянагч.

Тэд Баяраа /16 настай/, Заяа /13 настай/ хүүхдүүдийн хамт Английн зүүн өмнөд хэсэгт орших Суррейд амьдардаг.
Розамунд Эбдон “Батаа, бид хоёр 1995 онд Улаанбаатар хотод танилцаж байсан. Тухайн үед би Монголд Хүүхдийг ивээх санд /Save The Children/ ажилладаг байлаа. Манай ажил Монголын Засгийн газрын харьяа нэгэн инстутитэд байрладаг, Батаа тэнд тооны төрлийн хичээл заадаг байсан.Тухайн үед нэг их зүйл ярьдаггүй, тааралдахаараа инээмсэглээд л өнгөрдөг залуу байв.

Бид бие биеэ илүүтэй таньж мэдсэн тохиол маань ер бусын. Би нэг найзтайгаа хамт морь унахыг хүсэхэд ажлын дарга маань Батааг санал болгож, тэр биднийг хөдөө гэр рүүгээ авч явсан юм. Түүний гэр бүлийнхэн нь Монголын хээр талд амьдардаг нүүдэлчин малчид. Ямар сайхан газар гээч. Гүн хөх тэнгэр, хараа гүйцэмгүй уудам ногоон талын дунд түүний өсөж төрсөн жижиг цагаан гэр бөмбийнэ. Тэднийхний төрөл садны ойр дотно холбоо, өөр хоорондын хүндлэл нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн.

Энэ явдлаас хэдэн долоон хоногийн дараа бидний анхны болзоо тухайн үед Монголд байсан ганцхан Энэтхэг ресторанд болсон юм. Монгол хоол ер нь халуун ногоотой байдаггүй л дээ. Тиймээс энэ нь Батаагийн хувьд шинэ зүйл байв.

Ингээд бид нэг жил хагасын дараа гэрлэсэн. Монголын нийгэмд эмэгтэй, эрэгтэй хүмүүс өөр өөрийн тогтсон тодорхой үүргээ гүйцэтгэн эн тэнцүү эрхтэй байдаг. Батаагийн гэр бүлийн хувьд гэхэд эмэгтэйчүүд нь сүү сааль, орон гэр, үр хүүхдүүддээ анхаарал хандуулдаг бол эрэгтэйчүүдийн хувьд гадаах ажил төрлөө амжуулж, өрх гэрээ ерөнхийлөн толгойлно. Ер нь бүх зүйл нь уялдаа хамаарал, харилцан зохицолтой, охид нь хөвгүүдийн адил л боловсрол эзэмшиж, эн тэнцүү хүлээн зөвшөөрөгддөг.

Бид 1999 онд Их Британи руу манай аав, ээжтэй ойрхон тосгонд нүүж ирсэн. Батаа Британийн орчин ахуйд маш хурдан дасан зохицож байгаа ньгайхал төрүүлэм байлаа. Тэрээр янз бүрийн соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулах, Монголын зочид гийчдэд үйлчлэх гээд эндэх Монголчуудын үйл ажиллагааны нэг гол зохицуулагч болсон.

Батаа Барууны хэт их хэрэглээний соёлыг ойлгож чадахгүй байсансан. Нүүдэлчин ард түмэн нүүхээ болохоор бүх зүйлээ баглаад л нүүх тул ачаа болох хэт их зүйл хурааж хадгалдаггүй. “Яахаараа cупермаркетад жигнэсэн шош (baked beans) долоон янзаар байх хэрэгтэй гэж” тэр гайхширдаг байв.

Тэр дэлгүүр хэсэхээс илүүтэй агаар салхийг эрхэмлэнэ. Байгаль дэлхийтэй ойр байх нь түүний цусанд байдаг зүйл байх. Тиймээс ч бид хөдөө тосгонд амьдардаг. Тэр юм л бол хаалгаа дэлгэн гадаах зүлэг рүү, тэнд барьсан Монгол гэр рүүгээ зүглэнэ эсвэл олон олон хүн урьж, Монгол маягаар мах шарж идэн хөөрөлдөцгөөнө.

Орчин үеийн барууны залуус гэрийн ажлаа эхнэртэйгээ таллан гүйцэтгэдэг гэж хэлэх байх. Батаа ч тэгэж хэлнэ гэхдээ энэ нь түүний хувьд үнэн шүү. Би Лондонд урт цагаар ажилладаг тул тэрээр аав, ээжтэй минь ээлжлэн хүүхдүүдийг сургуульд хүргэх, авах ажлыг амжуулна. Би хувцас индүүдэх дургүй. Тэгэхээр энэ ч бас түүний хийдэг ажил болж байгаа юм. Би өөрийгөө ямар азтай хүн болохыг сайн мэдэж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.