Японы иргэн Монголд ирээд такси барьтал 126 мянган төгрөг авсан талаар ярьж, гомдолжээ

Монголд ирсэн Японы иргэн одоогийн Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын онгоцны буудлаас Улаанбаатар хотын төв хүртэл такси барьж, 126 мянган төгрөг төлсөн талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Улмаар иргэд “таксины үнийг цэгцэлж, нэгдсэн тарифтай болгохгүй бол аялал жуулчлалын салбар хөгжихгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Тэгвэл бид Японы иргэн Мицуаки Уэнотой холбогдож болсон явдлын талаар тодруулсан юм.

-Сайн байна уу. Та өөрийн тветтер хуудастаа “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Улаанбаатарын төв хүртэл такси барьж 126,579 төгрөг төлсөн” талаараа бичсэн байсан. Энэ явдал хэзээ болсон юм бэ?

-Сайн. Сайн байна уу. Энэ явдал 2019 оны гуравдугаар сард болсон. Би 23.00 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотын төв хүртэл такси барьж, 5 мянга иен /126 мянга орчим төгрөг/ төлсөн. Тухайн үед мөнгөө солиулж амжаагүй байсан тул иенээр тооцоогоо хийсэн.

-Хувийн үйлчилгээний такси байсан уу?

-Найз маань утсаа авахгүй байсан тул би үйлчлүүлэгч хайж байсан хувийн такси барьсан.

-Та Улаанбаатарын яг хаана буусан юм бэ?

-Сүхбаатарын талбайд буусан. Тухайн үед хэрэв Японд байсан бол энэ хэртэй замд явахад илүү хямд төлөх байсандаа гэж бодсон. Тэгээд л саяхан Монголд такси үйлчилгээний үнэ тариф ямар байдгийг сонирхож, тветтертээ жиргэсэн юм.

-Тухайн үед та Монголд анх удаа ирсэн үү?

-Тийм ээ. Би бизнес эрхэлдэг юм. Одоо монгол нөхдийнхөө хамт Монголд ургасан төмс, сармис, улаан буудай зэргийг Япон болон бусад орон руу экспортлохоор бэлдэж байна. Мөн Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх, утааг багасгаж, байгаль орчныг сайжруулах чиглэлээр ажиллахыг хүсдэг.

-Японд такси үйлчилгээний төлбөрийг хэрхэн боддог юм бэ?

-Японд таксины үйлчилгээ эхний удаад тогтмол тарифтай байдаг. Үүний дараагаас зайны системийн нэмэлт төлбөр 237 м тутамд 80 иен бодогдоно. Мөн замын түгжрэлийн үед 90 секунд тутамд цаг, зайны хосолсон системээр төлбөр бодогддог. Өглөөний 05.00 цагаас 10 цагийн хооронд такси барьтал нэмэлт төлбөр авна. Бүх төлбөрийг таксины компани интернетээр хянадаг.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа

 

Leave a Reply

Your email address will not be published.