Монгол хэл сурч буй гадаадууд цахим орчинд “зовлонгоо” хуваалцав

Флиппин бүсгүй Энди Монгол хэл сурахад хүндрэлтэй зүйлс их байгаа талаар өөрийн Youtube хуудаснаа ярьжээ. Харин түүний бичлэгийн дор Монгол хэл сурч буй олон гадаад хүмүүс орж ирэн, хамтдаа “зовлонгоо” хуваалцсан байна.

Тухайлбал, түүнд тулгарсан хамгийн эхний асуудал бол монгол үгийн бичиглэл, дуудлага хоёр нь өөр байгаа явдал гэнэ. Жишээ нь, “баярлалаа” гэх үгийг “ба яр ла лаа” гэж бичдэг хэрнээ сонсоход зүгээр л “баярлаа” гэж сонсогддог нь анх ихэд гайхашралыг нь төрүүлж байжээ.

Мөн “Л ха г ва га-раг” гэх үгийг дуудаж чадалгүй Google translate-р уншуулахад бодсоноос нь тэс өөр дуудлагатай байсан тул ихээхэн гайхаж, бараг л шантрах дөхсөн гэнэ шүү.
Үүгээр ч зогсохгүй Энди бүсгүй маань хамгийн урт монгол үгнүүдийн нэг болох “цахилгаанжуулалтынхантайгаа” гэх үгийг хэлэх гэж оролдох нь тун ч эгдүүтэй байв. Эцэст нь тэрээр “Энэ үгийг цээжлэх ямар ч аргагүй юм байна” гэсэн юм.


Монгол хэл сурч буй гадаадуудад тулгардаг өөр нэгэн бэрхшээл бол монголчууд цахим ертөнцөд, мөн мессеж бичихдээ криллээр биш ихэвчлэн латинаар бичдэг тул тэдэнд ойлгоход тун хүндрэлтэй байдаг гэжээ. Жишээ нь, Эндид найзаас нь snu 🙂 гэсэн мессеж ирсэн бөгөөд тэрээр Эс Эн Ю гэсэн товчлолыг интернэтээс хайж үзжээ.
Гэтэл Seoul National University буюу Солонгосын Сөүлийн их сургууль гарч ирсэн байна. Тэрээр латинаар галиглаж бичсэн ч мэддэг үг нь байвал ойлгож чадна. (sainuu гэж бичвэл ойлгоно) Гэвч монголчууд латинаар бичихдээ ихэвчлэн товчлол ашигладаг нь бүр толгойг нь эргүүлж гүйцсэн гэнэ. Мөн Gertee bgmu? гэдгийн “гэр”-ийг ойлгосон ч “бгмуу” гэдэг үгийг Монгол толь бичгээс хайгаад олоогүй гэнэ шүү.

Түүнчлэн крилл үсгийн дармал, бичмэл нь өөр учраас найзаасаа авсан захиагаа уншиж чадаагүй гэнэ. Тухайлбал, дармал Г, бичмэл жижиг г хоёр өөр учраас 35 үсгээ бүгдийг нь цээжилсэн гэж бодсон ч захианы зарим хэсэг дээр огт мэдэхгүй бичмэл үсгүүд гараад иржээ.


Энди бүсгүй угтаа номынхоо бүх дүрмийг үзэж, бүх үгийг цээжилсэн ч “Би байдаггүй байгаа байхгүй юу” гэх өгүүлбэрээс юу ч ойлгоогүйдээ ихээхэн сэтгэл дундуур байна.
Тэрээр төгсгөлд нь “Номон дээрээс сурч чадахгүй олон зүйл байгаа бололтой. Гэхдээ би илүү хичээнгүйлэн суралцах болно.” гэсэн юм. Тэгвэл түүний энэхүү бичлэгийн дор Монгол хэл сурч буй гадаадууд ийнхүү сэтгэгдлээ хуваалцжээ.


СЭТГЭГДЛҮҮД: Анх харсан таний snu гэж сайн уу гэсэн үг. Би ч бас монгол хэл сурч байгаа надад дүрэм бол үнэхээр хэцүү би хэзээ ч ойлгохгүй гэхдээ би 3 жил сурч байгаа гэхдээ л би монгол хэлэндээ муу та намайг бодвол маш сайн байна амжилт Andi がんばれ
Fun fact: Лхагва яг ч Монгол үг биш Төвд гаралтай үг учраас дуудахад хэцүү байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.