БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч “Онц хүнд гэмт хэрэгтнүүдийг Монгол руу илгээнэ” гэв

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сүүлийн үед Монгол Улсыг ихээхэн онцолж байна. Тухайлбал, энэ сарын 18-ны өдөр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө намынхаа хуучин даргыг Монголын морин цэрэгтэй харьцуулсан үг хэлснийг тус улсын хэвлэлүүд онцолж байв.

Тэрбээр “Өмнөх дарга шуурхай арга хэмжээ авч ажиллаж чадсангүй. “Ромын легион”/Ромын иргэдээс бүрддэг эртний армийн үндсэн нэгж/ мэт л гэрээсээ гарсан ч тулаандаа бэлдсээр байсан. Харин Монголын морин цэрэг байсан бол аль хэдийн гараад өрсөлдөгч рүүгээ довтолж, эзэлчих байсан. Бид хурдан ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.


Тэгвэл өнгөрсөн Бямба гараг /2021.11.27/-т тус улсын Үндэсний Хувьсгалт Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ху Кён Ён KBS радиогийн “Jinwoo Joo Live” нэвтрүүлэгт оролцохдоо мөн л Монгол Улсын талаар ярьжээ. Тодруулбал, тэрбээр шоронгийн системийн талаар ярьж байхдаа “Би шоронд хоригдож буй хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлж, торгуулийн тогтолцоог өөрчлөх болно. Мөн хүнд гэмт хэрэгтнүүдийг Монголын элсэн цөл рүү илгээж, шар шороон шуурганаас урьдчилан сэргийлэх ажилд дайчлах болно” гэжээ.

Жил бүрийн хавар Монголоос Солонгосын хойгийн чиглэлд шороон шуурга шуурч, их хэмжээний элс нүүдэллэдэг. Тиймээс тус улс Монголын цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж, манай цөлийн бүсэд мод тарьж эхэлсэн билээ.

Үүнээс гадна тэрбээр ерөнхийлөгч болмогцоо одоо шоронд ял эдэлж буй ерөнхийлөгч асан Пак Гын Хэ, Ли Мён Бак нарыг өршөөнө гэж мэдэгдэн иргэдийн шүүмжлэлд багагүй өртсөн байна. Мөн түүний мөрийн хөтөлбөрт 8-аас дээш насны иргэдэд гамшгийн үед яаралтай тусламж үзүүлэх 100 сая вон олгох, гэрлэсэн хосуудад 300 сая вон олгох зэрэг багтсан нь иргэдийн анхаарлыг нэлээдгүй татаж байгаа аж.

Эх сурвалж: KBS

Leave a Reply

Your email address will not be published.