Монгол бол хятад биш гэдгийг баруунд таниулсан их эрдэмтэн Оуэн Латтимор

Монгол судлаач, эрдэмтэн Оуэн Латтимор 1900 оны 7-р сарын 29-нд АНУын нийслэл Вашингтон хотод төрсөн . Түүний эцэг эх нь Манжын үеэс Хятадад англи хэл заадаг багш нар байсан тул тэр бага насаа Хятадад өнгөрөөж 1912 онд суралцахаар европыг зорьж 1919 онд Англид дунд сургуулиа төгсөж цааш суралцах санхүүгийн байдлаасаа болоод их сургуульд сурч чадаагүй.

Ингээд Хятадад эргэн ирж худалдааны компанид ажиллаж байхдаа 1926 онд анхны бие даасан аялалаа зохион байгуулж Шинжаан Уйгур, Энэтхэг хүрсэн ба энэ тухайгаа “Туркестан орох элсэн зам” хэмээх номоо 1929 онд хэвлүүлсэн . Тэр 1928 онд АНУ-д очиж их сургуульд суралцаж төгссөн ба дээр хэлсэн бүтээлээр Харвардын их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан байна .
Тэр сургуулиа төгсөөд 1930-аад оны эхээр Хятадад буцан ирсэн ба энэ хугацаандаа өөрийн сонирхолын дагуу өвөрмонголоор их явж судалгаа хийж Дилав хутагттай танилцаж нөхөрлөсөн төдийгүй Ар Монголыг маш их сонирхож байсан ч БНМАУ-д ирж чадаагүй, харин монголыг судлахад орос хэл хэрэгтэй юм байна гээд орос хэл сурч эхэлсэн төдийгүй 1934 онд ЗХУ очиж байсан байдаг .


Латтимор 1938 онд Хятадаас явсан ч 1941 оны 6-р сард Гитлерийн Герман ЗХУ улс руу довтолсны дараа АНУ-н ерөнхийлөгч Рузвельт Латтиморыг Хятадын удирдагч Чан Кай Шигийн зөвлөхөөр томилжээ . Латтимор энд байхдаа Хятад дахь үндэстний цөөнхийн тухай их ярьдаг байсан ба БНМАУн тухай хэлэхдээ Ар Монголд их сургууль байгуулж болохгүй харин хятадад залуусыг нь сургаж хятаджуулах хэрэгтэй гэх мэтээр зөвлөж байжээ.
Гэтэл ерөнхийлөгч Рузвельтийн тушаалаар тэрээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Уоллесыг дагалдан 1944 онд ЗХУ-д айлчлахдаа мөн давхар Монгол улсад зочлон ирсэн байна. Харин Монгол улсад айлчлан ирээд БНМАУ-н тухай маш өөр ойлголттой болсон ба монгол бол хятад биш гэдгийг , Монголчуудын тусгаар тогтносон байгаа байдлыг өөрийн нүдээр харж мэдсэн төдийгүй энэхүү айлчлалын тухай мэдээ АНУ-н ерөнхийлөгчид хүрсэн гэж үздэг.


Ингээд Латтимор монгол хэлийг улам их судалж эхэлсэн бөгөөд 1950-70 оны хооронд Монголчуудын талаар олон ном бичиж, барууны ертөнцөд таниулахыг хичээж байжээ . Мөн 1953-54 онуудад АНУ-ын Жоржтауны их сургууль-д Монгол хэл, бичиг заах болсон бол улмаар Калифорнийн болон Колумбын их сургууль-д 1956-64 онуудад мөн багшилж байв. Хүйтэн дайны үед Латтимор коммунист улстай их холбоотой байна гэсэн шалтгаанаар хэлмэгдэн Оросын тагнуул, коммунист гэж гүтгэгдэж байжээ.

Латтимор энэ талаараа “Гүтгэгдсэн нь” хэмээх ном бичсэн ба бүүр 1972 он хүртэл холбооны мөрдөх товчооны хяналтад байсан төдийгүй их сургуульд Монгол судлалаар хичээл заахыг нь хориглосон байна.

Латтимор 1952 онд “Зөвлөлт-Хятадын гүүр” хэмээх ном бичсэн бөгөөд түүндээ Ар Монгол нь дагуул улс , гэхдээ хэлбэр бүтцийн хувьд бүрэн эрхт тусгаар улс юм гэж дүгнэсэн байна . Латтимор бол Монголчуудын нүүдлийн соёл иргэншил Хятадын соёл иргэншлээс тэс өөр соёл, Монгол бол хятад биш гэдгийг баруунд таниулсан эрдэмтэн хүн байжээ .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *