Оросуудын зохиосон Монголчуудын тухай онигоонууд

Оросууд хорвоогийн хамгийн тэнэг үндэстнээр чукчаг “өргөмжилж” инээдмийн бай болгож доромжилдог. Харин өнөө үеийн КВН-чүүдийн хувьд тэнэгийн оргил нь чукча бус монголчууд болжээ.

Хошин шог зохиол бичих, монгол хүний хошин шог мэдрэмжийг тантах хоббитой өвгөний хувьд КВН-ын хошигнолоос олж үзсэнээ уншигч нартайгаа хуваалцахаар шийдлээ. Өөрсдийн муу муухайг анзаарахгүй маанайж амьдрах гутамшиг.

-Монголд туялзуур жадны хоёр дахь удаагийн тэмцээн болов. Эхний тэмцээнд амь үрэгдсэн шүүгчийн дурсгалд уг тэмцээнийг зориулжээ.

-Монголын хөл бөмбөгийн шигшээ баг тэмцээнд 7-уулаа оров. Учир нь тоо тоолж чаддаг дасгалжуулагч нь өвджээ.

-Хоёулаа онгоцонд суух уу? -Больж үхье. Нэг мал нь Монгол руу аваад нисчихвэл яах юм бэ.

-Монголын зэвсэгт хүчний удирдлага алиманд төмөр агуулагддагийг мэдэж аваад алимаар танк үйлдвэрлэхээр шийдэв.

-Москвад кондуктороор ажилладаг монгол одоо болтол оросуудаас татвараа хурааж байна гэж итгэдэг гэнэ.

-Монгол эмч нарын цалин дөрөв дахин нэмэгдэв. Ингээд тэд дөрвөн хувин хоол идэх боломжтой болжээ.

-“Евровидение” уралдаанд Монголоос оролцох дуучин шалгаруулжээ. “Нэг ноймрын дуучныг явуулъя” гэж нэг нь хэллээ. “Яагаад заавал түүнийг гэж?” гэхэд “Энэ нөхөр тэмээтэй юм. Бусад нь тэмээгүй. Тэгэхээр энэ дуучин л холын Европт хүрч чадна” гэжээ. Та нар харж байна уу?

-Монголчууд хүртэл локигтой сэтгэж байгааг!

-Аав ээж хоёр намайг энэ зун гадаад явах уу, машин авахуулах уу гэсэн. Яадаг юм билээ. Монголд явах уу, “Москвич”-тай болох уу.

-Монголд өчигдөр агаарын хүчнийх нь цаасан шувуу сүйрэв. Ингээд Монгол агаарын цэрэггүй боллоо. Дараа нь Батлан хамгаалахын сайд нь өөрийгөө буудав. Ингээд Монгол сумгүй болов оо.

Жич: Хужаа нар биш орос ах нар минь биднийг шоолж байгаа юм чинь “яахав” гэх ухамсартай монгол цөөнгүй гэдэгт итгэнэм. Давс ихтэй ч ортой л зүйлс байна. Ер нь хэтрүүлэггүй шог гэж байдаггүй. Хэтрүүлэг онох онохгүйн тухайд авъяас золиг нөлөөлнө.

Улстөрчдийн хуурамч инээмсэглэл, худал магтаал, алга ташилт, дружбанайрамдлын цаана хүн амынх нь гүнд албан бусаар өрнөж байдаг
онигооноос өөрсдийнхөө сул талыг мэдээд авахад гэмгүй. Биеэ сонжиж, сүүдрээ хардаг болно. Шоолж л байг. Дургүйцээд ялдаггүй юм. Шооллоо гэж ууралбал бүр шившиг болдог.

Харин доторх эмзэглэл хөндүүрлэж, шаналаавал, өөрийгөө хянах сэрэмж ихэж, өөрийгөө хөгжүүлнэ. Шоолуулах бус хүндлүүлдэг монголчууд болох эсэх өөрсдөөс чинь шалтгаална залуус минь. Ядмагаа гутааж, сүр хүчээ гайхуулах, уг нь онцгүй дамшиг л даа. Муна гадсандаа дээрэлхэж буйг өндөр соёлтой ухаалаг олон зуун сая хүмүүнээс (англи, франц, герман, америк, японы) цөөнгүй нь харж л байгаа.

Оросууд тэдэнд шоолуулчаад чукчаг доромжилж кайф авдаг байсан. (Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр). Өдгөө чукча хуучраад бидэнд сайрхдаг болжээ. Үүний хор гэж юу байхав. Харин орос хэлтэй залуус КВН мэтээс өөрсдийгөө хэрхэн шоолж буйг хайж олоод, монголчууддаа орчуулж тараа. Сургамж аваг.

Доржготов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *