Терористуудад барьцаалагдсан найзыгаа аврахаар явсан ЦЭРГИЙН сэтгэл хөдөлгөм ТҮҮХ

1992-1993 оны уед Орос оронд болсон явдал.
Чечений салан тусгаарлагч, хэт даврагчид нэг тулалдааны үеэр Оросын армийн нэг шархадсан цэргийг олзолж аваад видео бичлэг хийн ар гэрийнхнээс нь 10000$ долоо хоногийн дотор авчрахгуй бол түүнийг ална гэж сүрдүүлжээ.

Тэнд ажиллаж байсан францын сурвалжлагч тэр видео кассетыг ямар нэгэн аргаар тэр олзлогдсон цэргийн төрсөн нутаг Приморскд хүргэжээ. Олзлогдсон цэргийн аав ээж нь тэтгэвэртээ гарсан хөгшин ядуухан улсууд байдаг байснаас ч тэр үү, уг бичлэг дээр тэр цэрэг багын найздаа хандан «Серега туслаарай, авраарай!» гэж хэлсэн байжээ. Үүнийг сонссон тосгоныхон бүгд цугларч мөнгө цуглуулан, хамтралын дарга өвгөн албаны ганц хуучин «Нива» машиндаа бензин дүүргэж өгөөд Серега найзад нь карманд нь бараг 6000$ болох рубль хийж өгөөд алсын замд нь үджээ.

Хаа холын Приморскийн тосгоноос Чечень хуртэл ойролцоогоор 13000 км замыг 7 хоногт амжиж туулна гэдэг санаанд багтамгүй дээрээс нь . цугласан мөнгө нь дутуу машин нь замд эвдэрвэл яахав гээд л асуудал бэрхшээл дуурэн замдаа гарчээ. Серега найз нь сэтгэл нь барзгар ч яаж ийгээд л багын найзаа аварна гэсэн итгэл дүүрэн байлаа.

Энэ тухай мэдээ сурважлагыг тэр үеийн “Совершенно секретно” гэдэг том сонинд нийтэлжээ. Тэр доор нь л Орос даяар мэдэж, барьцаанд байгаа цэрэг-найзаа аврахаар яваа Серега-ын замд туслах аян түүний замын дагуу өрнөж, түүнийг дайрч өнгөрсөн хотуудад жирийн хүмүүс тосч уулзан, их бага гэлтгүй мөнгө төгрөг нэмэрлэж, зарим нь канистртай бензин авчирч хийж өгч, эмээ нар пирожки хийчихсэн зам дээр шөнө энд тэндгүй хүлээж байсан гэдэг.

Орос оронд тэр үед байдал хэцүү дээрэмчид бүх хотуудаар дүүрэн байдаг байлаа. Тэд ганцаараа их мөнгөтэй яваа Серега-г хаа явааг нь мэдэж байсан ч хэн нь ч түүнийг дээрэмдэх гэж оролдоогүйн ганц шалтгаан нь тэд түүнийг найзыгаа аврахаар явааг мэдэж байсантай холбоотой ажээ. Тэр (Би найзыгаа аврахаар явж байна) гэж хэлэнгүүт л орос хүн болгоны доторхи нандин утсыг хөндөж, бүх зам нь ногоон гэрэлтэй байдаг байсан гэж бичжээ.

Нэг удаа шөнө замд нь 2 дугуй нь хагарч яалт ч үгүй зогсож байтал тэр хавийн «братки» буюу дээрэмчидийн бүлгийнхэн хүрээд иржээ. Серега ч одоо ингээд л өнгөрчээ гэж бодож байтал тэдний ахлагч нь бүү ай! Бид чиний түүхийг мэднэ. Чи найзынхаа төлөө яваа жинхэнэ мужик. Бид чамд тусалнаа гээд өөрсдийн машиныхаа 2 дугуйг тайлж 1 хайрцаг водка багажинд нь хийж өгөөд явуулж байсан гэдэг.

Замд зогсдог ГАИ постын цагдаа нар бол еслоод өнгөрөөж байсан гэдэг. Тэгээд 7 хоног нь дуусч байхад Чеченьтэй залгадаг оросын Минводы гэдэг газрын хавьцаа иржээ. Чечений нутаг руу орохын өмнөхөн тэндэхийн ГАИ-ын дарга хөгшин орос майор Серегад “одоо хүү минь цаашаа чи ганцаараа л явах болно. Болгоомжтой яваарай. Зогсож өрдөө болохгуй шүү. Намар болж байна, ууланд хүйтэн байгаа даа, үүнийг өмсөөд яв” гээд шинелиэ тайлж (погон-той чигээр нь) өгөн үджээ.

Серега Чечений хил нэвтрээд тэрнийг ирж явааг тэндэхийнхэн хүртэл сайн мэдэж байгаад гайхан баярлажээ. Хэдийгээр очих хугацаа нь 2 хоног өнгөрсөн ч тэрээр би очиж явна шүү гэж ёстой тэндэхийн хун болгонд шахуу хэлсээр явжээ Найзыг нь олзолж барьцаалсан Чечений дээрэмчид ч бас эр хүн шиг загнаж Серега-г ирэхийг нь хүлээж, ирэхэд нь авчирсан мөнгийг нь авалгуй найзыг нь суллаад хоёуланг нь хамт уулнаас буулгаж оросын цэргийн пост-ны хажууд орхиод явсан гэдэг.

Тэгж Серега багын найзаа аварч явахдаа *Найзынхаа төлөө* гэдэг үг хүн болгонд хичнээн гүнзгий хүрдэг болохыг мэдэрсэн тухайгаа ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *