ТАНИЛЦ: Италид зураач, дизайнер мэргэжлээр төгсөөд Булган аймагт сайн дураараа багшлахаар ирсэн бүсгүй

Италид зураач, график дизайнер мэргэжлээр төгсөөд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сайн дураараа багшлахаар очсон бүсгүй цахим орчинд ийнхүү бичжээ.

Сайн байцгаана уу,
Намайг Мөнхзаяа гэдэг. График дизайнер зураач мэргэжилтэй. Италийн Перужиа хотын Дүрслэх урлагийн академийг төгсөөд монголд ирэнгүүтээ хөдөө амьдарна гэж шийдээд шууд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургууль руу мэйл бичээд, ямар ч таньж мэдэх хүнгүй газар олон юм бодолгүй хүрээд ирсэн. Хутаг-Өндөр суманд сайн дураараа багшилахаар ирээд яг 21 хонож байна. Хэдхэн өдрийн өмнө захирлынхаа санаачилсан “Номч хүүхэд” төслийн номын булангийн чимэглэлийн ажлыг хийж дуусгасан юм аа. Захирал төслөө танилцуулангаа гоё тохижуулах санаатай байгаа, зарим нэг төсөл санаачлага нь дээшээ яваад дэмжигдлээ гэхэд хэрэгжих гэж ер нь их уддаг талаараа надад ярихад нь эргэлзэхгүйгээр би чимэглэлийнх нь ажлыг өөрөө хийгээд өгье гээд багшийн ажлынхаа анхны цалингаараа номын булангаа тохижуулчихлаа.


Ном уншингаа хүсэл мөрөөдөл нь дэлхий ертөнцөөс хальж, өөр өөрсдийнхөө ертөнцийг нээж, хязгааргүйгээр сэтгэж, мөрөөдөөсэй гэж бодоод сансар огторгуйн сэдэвтэй хийсэн.
Манай сургууль миний анх төсөөлснөө хамаагүй том, их гоё, хичээл заагаад эхлэтэл хүүхдүүд их хөөрхөн хүсэл мөрөөдлөөр дүүрэн, багш сурагчидгүй шинэ багш ирсэнд баярлан надаас нэг л өөр зүйл хүлээгээд байгаа нь мэдрэгдээд, би ч зүгээр сууж чадахгүй чадлынхаа хэрээр тусламаар байсан болохоор шууд номын булангийн ажлыг эхлүүлээд орхилоо. Хөдөөний хүүхдүүдийг номонд дуртай болгох энэ аяныг удаашруулахгүй ар араас нь шийдээд явчихъя гэж бодоод та бүхэн рүү хандаж байгаа юмаа.
Book Cafe Mongolia групп дээр сургуулийнхаа тухай, хүүхдүүдэд унших ном хэрэгтэй байгаа тухайгаа постловол олон хүнд хүрэх болов уу гээд бичлээ.


Номын булан маань зуу зуун, мянга мянган номоор дүүрч номоор цангасан хүүхдүүдийг баярлуулах болтугай. Манай сургууль руу ном илгээхийг хүссэн хүмүүс байвал манай хаяг Булган аймаг, Хутаг-өндөр сумын ерөнхий боловсролын сургууль шүү. Та бүхний илгээсэн ном хүүхдүүдийн хязгааргүй ертөнцийг нээж хүсэл мөрөөдөлд нь хүргэх гүүр нь болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *