Аттила хаанаас хойш анх удаа “Хү” хамтлаг сэлэм, дайнаар биш соёл урлагаар Америк, Европыг байлдан дагуулж байна

“Хүннү рок” урсгалыг санаачилж, дэлхий дахинд Монголынхоо түүх, соёл, язгуур урлагийг таниулан, шагшуулж буй “Хү” хамтлаг саяхан Хойд Америк дахь аялан тоглолтоо амжилттай өндөрлүүлээд байна. Тэгвэл сошиал орчин дахь “Хү” хамтлагийн талаарх нэгэн постыг та бүхэнд хүргэж байна.

“Дэлхийн хэмжээний контент бүтээмээр байвал үндэсний онцлогийг битгий тусга гэж маркетинг дээр заадаг. Жишээ нь Pororo-г үзэхэд аль улсынх гэдэг нь мэдэгддэггүй, аль нэг улсын соёл давамгайлж харагддаггүй учраас дэлхий нийтээрээ адилхан хүлээж авах боломжийг нь бүрдүүлсэн гэж үздэг.

Гэхдээ ямар чиглэлийн контент гэдгээсээ хамаараад эсэргээрээ ч байж болдог гэдгийг “Хү” хамтлаг харууллаа. Хэрвээ Hu хамтлаг хөөмий, морин хуур гээд өөрсдийн соёлын үнэт зүйлсийг рок хөгжимтэй хослуулаагүй байсан бол ингэж дэлхийд танигдаж чадах байсан уу гэвэл эргэлзээтэй. Яг л зарим Монгол охидын хамтлаг яаж ч хичээгээд kpop-д гарч чаддаггүй шиг. Яагаад гэвэл тэд нар хичнээн хичээсэн ч Солонгосчуудын хэдийн бүрдүүлсэн kpop гэдэг маш том урсгалыг даган дуурайгч, тэдэн шиг болохыг хичээгч л болж харагдана.

Харин Hu хамтлаг гадны алдартай рок хамтлагуудтай адилхан болох гэж биш, эсрэгээрээ тэднээс ялгарах гэж өөрсдийн гэсэн онцлог, өнгө төрх, урсгалыг бүрдүүлсэн нь бахархмаар байна. Тэд өөрсдөдөө байгаа нөөц бололцоо, онцлогоо олж харалгүй, зүгээр л бусдыг дуурайдаг хүмүүсээс өөрөөр сэтгэжээ.

Ялангуяа олон оронд борлуулагдаж, Монголыг таниулсан Wolf Totem буюу “Чонон сүлд” ном гарч, хүмүүс энэ өнцгөөс Монголыг сонирхдог болсон үед энэ нэрээр дуу гаргасан нь олон хүний анхаарлыг татсан нь мэдээж.

Түүхээ мэдэх нь, соёлын өвийн тээгч болох нь юунд хэрэгтэй юм бэ гэдэг бил үү. Цаана чинь мэддэг, чаддаг хүмүүс нь тэрийгээ ашиглаад дэлхийд гараад явж байна.

Аттилагийн Хүн гүрний үед Ромын эзэнт гүрэн дэлхийн төв гэж үзэгддэг байв. Тиймээс аль ч орны хаан Ромын элчийг өвдөг сөгдөн угтдаг байхад, Хүннүгийн Аттила хаан анх удаа Ромын элчийг морьноосоо буулгүй угтаад, морьноосоо буулгүй гэрээ хийж, Европ дахиныг байлдан дагуулж байсан. Харин өнөөдөр Хүннү рок урсгалыг шинээр гаргасан Hu хамтлаг сэлэм, дайнаар биш соёл урлагаар (зөөлөн хүчний бодлогоор) Европыг байлдан дагуулж байна. Түүх давтагддаг.” хэмээн бичжээ.

Ингээд та бүхэнд “Хү” хамтлагийн “Их Чингис хаан” дуун дээрх гадаадынхны сэтгэгдлийг орчуулан хүргэж байна.

-Хэрэв Монгол улс өнөөгийн Хятад шиг түүхэн хил дээр үндэслэн нэхэмжлэл гаргаж эхэлбэл дэлхийн улс орнуудын 25% нь бүх нутаг дэвсгэрээ алдана даа.

-Би Унгар хүн, тэд 800 жилийн өмнө манай улсыг эзэлж байсан. Гэсэн ч би энэ дуунд үнэхээр дуртай. Би тэдний бахархлыг ойлгож байна!

-Эдгээр залуус юу ч хийсэн хамаагүй, гол нь тэд хэзээ ч өөр хэлээр дуулж болохгүй. Тэдний эх хэл нь хүчирхэг бөгөөд там шиг сүрдэм юм.

-Эдгээр залуус тоглолт хийгээд мөнгө авдаггүй. Тэд хүндэтгэл цуглуулдаг.

-Тэд сэтгэл татам, сүрдэм бас айдас төрүүлэм юм… Илүү их зүйл нуршилгүйгээр яг одоо би тэдэнд хүндэтгэл үзүүлэхэд бэлэн байна.

-Энэ дууг сонссоныхоо дараа Хятадууд: “Цагаан хэрмээ дахин засах цаг болжээ”.

-Хүмүүсээ нэг зүйлийг санаж яваарай. Их Чингис хаан хүртэл нохойноос айдаг байсан. Түүнд хүртэл айдас байсан гээд боддоо. Тэгэхээр сул талтай байлаа гээд чи сул дорой гэсэн үг биш. Чингис залуудаа зовж шаналж, дайснууддаа баригдан хоригдож, эхнэр нь хулгайлагдаж, эцгийнхээ өв залгамжлуулсан бараг бүх зүйлээ алдсан.Гэсэн ч эцэст нь тэр бүх зүйлийг даван туулсан!

-Эртний Монголын дайчид харгис хэрцгий байсан нь гарцаагүй, гэхдээ энэ дуу, түүний дүрслэл нь асар их баялаг түүхийг харуулж байна. Би бүр дурлачихлаа.

-Энэ дуу намайг монгол хүн гэдгээр бахархуулж байна. Гэхдээ хамгийн сонин нь юу гээч? Би уг нь Чили хүн.

-Соёл, түүхээ дэлхийд таниулж буй энэ хамтлагт хүндэтгэл үзүүлмээр байна.

-Хүчтэй видео, хүчирхэг хөгжим, гайхалтай хоолой.

-Англи улсаас хүндэтгэл, хайраа илэрхийлж байна. Би танай соёлд хичнээн их хайртайгаа үгээр илэрхийлж чадахгүйнээ.

-Энэ дуу намайг монгол хүмүүсээр бахархахад хүргэж байна.

-Мянган жилийн дараа ч өөрийнх нь тухай ийм дуу зохиогдохуйц амьдарсан гэхээр бахархалтай юм. (Чингис хаан)

-Буриадын бүгд найрамдах улсаас мэндчилж байна. Монгол ахан дүүс минь сайхан хөгжмөөр зүрх сэтгэлийг минь байлдан дагууллаа. Сайн байна. Би 30 жилийн дараа дахин рок хөгжим сонсож эхэллээ.

-Англи эр хүний хувьд би та бүхний бардамналд атаархаж байна.

-Хэдийгээр би Индонез хүн ч гэлээ, энэ дуу намайг тэдний өмнөөс Монгол хүн гэдгээрээ бахархахад хүргэж байна.

-Өмнө нь миний хэзээ ч харж байгаагүй маш хүчирхэг клип болсон байна. Та нар зүгээр л агуу юм. Оросоос хамгийн сайн сайхныг хүсье!

Ийхүү уг дуун дээр сэтгэгдэл бичсэн хүмүүс нь Америк, Англи, Чили, Орос, Индонез, Унгар, Солонгос гээд маш олон орны хүмүүсийг хамарчээ. Аргагүй л “Хү” хамтлаг маань дэлхийн хамтлаг болсон байна. Монголчууд маань ч тэднээр эрхгүй бахархан суугаа биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *