Хачирхалтай түүхүүд: Гадны нөлөөгүйгээр хүн гэнэт шатах үзэгдэл /SHC/

SHC буюу хүн өөрөө шатах үзэгдэл гэдэг нь ямар ч гадны нөлөө, эх үүсвэргүйгээр хүний биемахбод өөрөө гэнэт гал авалцан, шатдаг маш ховор үзэгдэл юм. Уг үзэгдэл нь амьд хүнээс гадна нас бараад удаагүй хүний цогцос дээр хүртэл илэрдэг байна. Мөн уг тохиолдлуудад гал эргэн тойронд халдахгүй бөгөөд зөвхөн тухайн хүний бие шатаж, ихэвчлэн хөл нь шаталгүй үлддэг аж. Энэхүү ер бусын үзэгдлийн анхны тохиолдол нь бүр XV, XVI зууны үед илэрч байсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Тухайн цаг үед уг үзэгдлийг бурхны шийтгэл, ад чөтгөрийн хорлол, гэсгээл, илбэ зэргээр нэрлэж, тайлбарлаж байсан гэдэг.

Уг үзэгдэл XIX зуунд нэлээд олон бүртгэгдсэн байдаг бол XX, XXI зуунд харьцангуй цөөн тохиолдол гарчээ. Дэргэдэх хүн нь ямар ч гадны нөлөөгүй гэнэт шатахыг маш олон хүмүүс өөрийн нүдээр харсан байдаг аж.
Кейс 1.
1885 он. АНУ

1885 оны Зул сарын баярын өмнөх шөнө. АНУ-ын Иллинойс мужийн Сенека хэмээх тариалангийн жижиг хотод Матилда Рүүни гэх эмэгтэй гэнэт галд шатжээ. Уг явдал болоход тэрээр гал тогоондоо ганцаараа байсан бөгөөд түүний хөлнөөс бусад бүх хэсэг овоолсон үнс болтлоо шатсан байна. Энэхүү эмгэнэлт явдал Матилдагаас гадна түүний нөхөр Патрикийн амь насыг ч мөн авч оджээ. Учир нь тэрээр байшингийн нөгөө өрөөнд унтаж байгаад угаартаж нас барсан байна.

Уг хэрэг нь мөрдөн байцаагчдын толгойг эргүүлж гүйцжээ. Учир нь энэ хэрэгт ямар ч сэжүүр байгаагүй бөгөөд хэрэг гарсан орой хосууд хамтдаа виски уун, амралтын байдалтай цагийг өнгөрөөсөн байж.
Гэвч шөнө нь Рүүни үнс нурам болтлоо шатсан атал гал бусад өрөөнд огт тархаагүй байсан нь мөрдөн байцаагчдыг бүр ч гайхшруулжээ. Эмэгтэйн амь насыг авч одсон гал зөвхөн түүний биенээс асч, тэндээ дууссан нь нэн хачирхалтай. Ийнхүү эцэст нь цагдаагийн алба хаагчид болон эмч нар тус эмэгтэйд гадны нөлөөгүйгээр хүн өөрөө шатдаг маш ховор үзэгдэл тохиолдсон байж болзошгүй хэмээн үзсэн байна.

Кейс 2.
2015 он. Герман

Германы умард нутгийн Фленсбург хотын цэцэрлэгт нэгэн эмэгтэй лангууны ард зүв зүгээр сууж байгаад гэнэт шатаж эхэлжээ. Уг явдлыг олон хүмүүс нүдээрээ харсан бөгөөд гал гарахаас өмнө эмэгтэй рүү хэн ч ойртоогүй, өөрөө ч ямар нэг үйлдэл хийгээгүй гэж гэрчүүд хэлснийг Flensburger Tagesblatt хэвлэлд нийтэлсэн байна. Тиймээс түүнийг гадны нөлөөгүй шатах үзэгдэл буюу SHC хэмээн оношложээ.

Дээрх хачирхалтай үзэгдлийн шалтгааныг эрдэмтэд одоог хүртэл эцсийн байдлаар тайлбарлаж чадаагүй ч, бүртгэгдсэн бүхий л тохиолдолд золиос болсон хүмүүс нь согтууруулах ундааны хамааралтай эсвэл чихрийн шижинтэй хүмүүс байсан аж. Үүнээс үзэхэд хүний биед хуримтлагдсан ацетоны хэмжээ хэт ихэссэнээс уг үзэгдэл үүсдэг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Мөн уг үзэгдэл нь ихэвчлэн хөдөлгөөний асуудалтай ахмад настнууд, тамхичид болон жингийн илүүдэлтэй, эрүүл мэндийн асуудалтай хүмүүст тохиолддог нь одоогоор тодорхой болоод байгаа юм.

 

Leave a Reply

Your email address will not be published.